ШИНЭ ДЕЛИ. /Nytimes/. Энэтхэгийн эрдэмтэд Хималайн уулсын оргилд орших Роопкунд нуурнаас олдсон хэдэн зуун хүний араг ясанд генеткийн шинжилгээ хийжээ.
Роопкунд нуурыг анх 1942 онд Их Британийн цэргүүд илрүүлсэн байна. Эрдэмтэд яснуудад дүн шинжилгээ хийж, дэлхийн II дайны үед амиа алдсан хүмүүсийнх биш болохыг тогтоосон ч яг хэзээ, хэрхэн амиа алдсан эсэхийг тодорхойлж чадаагүй байсан юм.
Өнгөрсөн сард хэсэг эрдэмтэд далайн түвшнээс 5000 метрийн өндөрт байрлах 40 орчим метр диаметртэй тус нууранд байсан 800 гаруй хүний араг ясны 38-д нь генетикийн шинжилгээ хийжээ. Эрдэмтдийн тайланд дурдсанаар, 38 араг ясны 23 нь өнөөгийн энэтхэг хүмүүсийн өвөг дээдэс байсан бол 14 нь Газар Дундын тэнгисийн дорнод хэсгээр амьдардаг Крит болон Грек арлын хүмүүстэй ойр төрөл байжээ. Харин үлдсэн нэг яс нь Зүүн Өмнөд Азиас гаралтай хүнийх байжээ. Цаг хугацааны хувьд араг яснуудын 23 нь 7-10 дугаар зууны үед хамаарах бол 15 нь 17-20 дугаар зууны үед хамаарч байна.
Түүнчлэн генетикийн шинжилгээ хийсэн араг ясны 28 нь эрэгтэй, 15 эмэгтэй байжээ. Тэдгээрийн дунд хүүхэд болон өндөр настай хүмүүсийн яс байсан аж. Нуурын ойр орчмоос ямар нэгэн зэвсэг олдоогүй нь тэднийг дайн байлдааны үеэр амиа алдсан гэх таамгийг няцааж байгаа юм.
Мөн араг яснуудыг энэ нутгаар дайрч явсан худалдаачдынх бөгөөд цасан шуурганд туугдан, нууранд амиа алдсан байх магадлалтай гэх таамгийг 2003 онд нуурыг судалсан эрдэмтдийн баг дэвшүүлжээ. Харин өнгөрсөн сард явуулсан судалгааны багийн ахлах Нираж Рай уг таамаглалыг няцаасан байна. Түүний үзэж байгаагаар, нуурын ойролцоо ямар нэг худалдааны зам байх боломжгүй аж.
АНУ-ын Пеннсилванийн их сургуулийн антропологич Кэтлин Моррисоны үзэж байгаагаар, нууранд өөр өөр цаг хугацааны олон хүний араг яс байгаа нь нуурыг оршуулгын газраар ашигладаг байсан байх магадлалтай ажээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ