Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг үргэлжилж байна. Олон нийтийн шүүмжлэлийг дагуулж, түр хойшлогдоод байсан 10 гаруй заалтыг өчигдрөөс хэлэлцэн шийдвэрлэж эхэллээ. Тухайлбал, иргэдийн хамгийн их эсэргүүцэлтэй тулгарсан УИХ 99 гишүүнтэй болж, гишүүд 5 жилийн хугацаагаар сонгогдоно гэсэн Ерөнхийлөгчийн санал өчигдөр гишүүдийн олонхын саналыг авч чадалгүй уналаа.
Анх 1951 онд ашиглалтад орж, одоогоос 13 жилийн өмнө өргөтгөлтэй болсон Төрийн ордонд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, УИХ, Ерөнхийлөгчийн Тамгын газар гэсэн гурван иститут байрладаг. Энэ гурван байгууллагын ажлын байрны хүрэлцээ хамгийн эмзэг сэдэв бөгөөд шулуухан хэлэхэд тэд ордонд багтаж ядан байдаг.
Жилийн жилд, ялангуяа сонгуулийн жилд хэн гэдэг гишүүнийг хаана, хэн гишүүний зөвлөх, туслахыг хаана шингээх вэ гэсэн асуудал хамгийн хурцаар үүсдэг. Гэсэн ч зарим гишүүд, тэр дундаа УИХ дахь АН-ын зөвлөл энэ асуудлыг шийдэх боломжтой гэж үзэн 108 гишүүнтэй болох Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж байсан юм.
УИХ дээр гишүүдийн тоог нэмэх санал дэмжигдээгүй ч бид энэ талаар УИХ-ын зарим гишүүд ямар байр суурьтай байсныг тодруулсан юм.
-Төрийн ордонд гурван том байгууллага багталцаж ядан ажиллаж байна. УИХ-ын гишүүдийн тоог болон бүрэн эрхийн хугацааг нэмэх санал УИХ дээр унасан ч та энэ тал дээр ямар байр суурьтай байсан бэ. Төрийн ордны багтаамжийн талаар бодолцож үзсэн үү?
УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж:
-Миний байр суурь бол АН-ын зөвлөлийн л байр суурь. Засгийн газар, Ерөнхийлөгч, УИХ гурав Төрийн ордонд ажиллаж байна. Хамгийн наад зах нь хотын захиргаа Яармаг руу нүүж байгаа. Засгийн газар хотын захиргааны хуучин байранд орж болно шдээ. Тэр битгийн хэл Сүхбаатар дүүргийн хуучин суурин дээр дахиад бас нийслэлийн оффис барьж байгаа юм билээ. Гэх мэтчилэнгээр тохижуулах боломж зөндөө бий. Засгийн газар, Их хурал заавал нэг байранд байх албагүй. Бүх улс орнуудын хувьд энэ гурван интитуци гурвуулаа тус тусдаа байранд байрладаг.
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:
-Миний хувьд бол нэмээд байх шаардлагагүй гэдгээ аль хэдийнэ илэрхийлсэн. Миний ярьж байгаа зүйл бол 76 гишүүний ажлын албыг бэхжүүлж өгөх хэрэгтэй. Зөвлөхүүд нь чадвартай багаас бүрдэх ёстой. Тэгж байж Их хурлаас гардаг хууль, шийдвэрүүд чанаржих болов уу гэж бодож байна. Гишүүдийн ажлын албыг заавал бүгдийг нь ордонд суулгах албагүй. Хамгийн гол нь хууль дүрэм дээрээ баг бүрдүүлж ажиллах нөхцлийг л сайн бүрдүүлэх хэрэгтэй.
УИХ-ын гишүүн А.Сүхбат:
-Бид ард түмнийхээ хүсэл зорилго, захиасын дагуу ҮХ-д нэмэлт, өөрчлөлт оруулахаар хуралдаж байгаа шүү дээ. Тэрнээс биш аль нэг нам эвсэл санаачилсан юм байхгүй. Ард олон дордуулсан долоон заалтаа өөрчил, улс орныхоо бодлогыг зөв зүйтэй тодорхойл гэдэг даалгаврыг бидэнд өгсөн. Ард түмэн одоохондоо 99, 108 гэдэг тоог хэрэггүй гэж захиж байна. Тиймээс ард түмний захиасаар л ҮХ-д нэмэлт, өөрчлөлт оруулахаар яригдаж байгаа гэж ойлгож болно. Миний хувьд ард олныхоо хүсэлтийг нэгдүгээрт тавьж байгаа. Төрийн ордныг томсгох тухай, олон асуудал байна. Тэгэхээр наанадаж том өрүүдээ тэглэх, баялагийн санг байгуулах, баялагийн орлого, ашгийг ард нийтээрээ тэгш хүртэх гэсэн зүйл заалтыг ҮХ-д оруулах зайлшгүй шаардлагатай.
Ордны тухайд бол улс юм бол 76, 99 гишүүнийг цалинтай, байртай болгоод асуудлаа шийдээд авч явах нь үүрэг. 23 гишүүн нэмэгдсэнээрээ улс орны байдал хүндэрчихнэ гэж байхгүй шдээ. Бид нэг айл, улс гэр байна даа, буурлын буян байна даа, энэ сайхан газар нутагт хамгийн гол нь зөв бодлого, сахилга бат л хэрэгтэй.
-Төсвийн даац хэтэрсэн, хэмнэлтийн горимд шилжлээ гэж жил болгон ярьдаг. Хэрэв 108 гишүүнтэй болох санал дэмжигдсэн бол туслах, зөвлөхүүд нь дагаад олширно. Энэ бүхэн төсөвт бүр их ачаалал, дарамт болж ирэх байсан. Энэ чинь нөгөө хэмнэлт гэдэг зүйлтэй авцалдахааргүй байсан юм биш үү?
УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж:
-Төсвөөс гадна улс орны ирээдүйн эрх ашигт хамгийн чухал асуудал юм. Сум болгон захиргаагаа, дотуур байраа шинэчилж, соёлын төв шинээр барьж, сумын төв рүүгээ хүртэл засмал зам тавиад эхэлсэн. Энэ бол төсвийн үрэлгэн бодлого. Түүний оронд улсын хэмжээний томоохон төслүүдээ хөдөлгөх хэрэгтэй. МАН нэг ч юм хийгээгүй. Урьд нь гишүүдийн тэрбум төгрөг гэж яригддаг байсан, нодлингоос 10 тэрбум болж тойргуудад нь хуваарилагддаг болсон. Энэ байдлыг халах хэрэгтэй. Жишээ нь, 500 сурагчтай сургуульд 640 хүүхдийн сургуулийн байр шинээр барих ямар хэрэгтэй юм. Жил ирэх тусам сурагчдынх нь тоо цөөрч байна. Энэ бол ач холбогдолгүй, үрэлгэн зарлага.
УИХ-ын гишүүн А.Сүхбат:
-Төсвийн тухайд бол өргүй болчихвол асуудал байхгүй. Эхлээд өрөө төлөх хэрэгтэй. Одоо бол урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж байна. Ер нь хэдэн жил бүсээ чангалж л явах хэрэгтэй шүү.
-Гишүүдийн тоог нэмэхийн ач холбогдол, давуу тал, эсвэл алдаатай тал нь юу байж болох вэ?
УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж:
-Өнөөдрийн бодит байдал ямар байна вэ гэхээр, ний нуугүй хэлэхэд Х.Нямбаатар, Аюурсайхан нарын 19 гишүүн хууль батлаад байна. Байнгын хороон дээр 9 гишүүн л хууль батлаад явж байна. Хоёрдугаарт жалгаар нил тарсан 76 жижиг можаритар гэдэг бол улс орны хөгжлийг хойш чангааж байна. Анхны өргөн барьсанаасаа энэ ҮХ чинь тэс өөр болсон. Ерөнхийлөгчийн болон сөрөг хүчний тавьсан гол гол саналууд бүгд унасан. Дээр нь ажлын хэсгийн өргөн барьсан саналуудын 70 орчим хувь нь өөрчлөгдсөн байгаа. Уг нь зөвшилцөл дээрээ зөвшилцчихөөд МАН-ын бүлэг дээр унагаагаад, Их хурал дээр бүлгийн шийдвэр гэж унагаагаад байна.
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:
-Би анхнаасаа энэ асуудлыг дэмжихгүй байгаа.
УИХ-ын гишүүн А.Сүхбат:
-Гишүүдийн тоог нэмж болно. Яагаад гэвэл 1992 онд ҮХ-иа батлахад хүн ам хэд байлаа. Өнөөдөр 3 сая 284 мянган хүн амтай болсон байна. Тэгэхээр тэр үед баталж байсан 76 тойргийн 76 гишүүн гэдэг бол 2 сая хүндээ хангалттай боломжийн байсан. Харин өнөөдөр даруй сая гаруй хүн нэмэгдсэн энэ үед 76 тойрог хэт их ачаалалтай болж байгаа юм. Жишээ нь, Улаанбаатар хотод нэг тойрогт, нэг гишүүнд 100 мянган хүн ногдож байна. Гэтэл хөдөө орон нутагт 30 гаруй мянган хүн гэх мэтчилэн ногддог. Тэгэхээр энэ тооны харьцааг бодож үзэх хэрэгтэй л болно. Өнөөдөр биш юм аа гэхэд дараа дараагийн жилд. Өнөөдрийн хувьд бол 76-гаараа л байх нь ард түмний санал асуулгад өндөр хувь эзэлж байгаа учраас ард иргэдийнхээ саналыг дэмжиж байгаа. Гэхдээ цаашдаа анхаарах хэрэгтэй шүү. Энэ 76 чинь ачааллаа даахгүй шүү гэдгийг хэлэх гэсэн юм.
-Олон нийтийн хандлагаас харахад, гишүүд тоогоо нэмж олноороо хувааж идэх гэж байна гэж хардан, 99, 108 гэсэн тоог дийлэнх нь дэмжихгүй байсан. Ер нь энэ саналыг ямар хүмүүс зүтгүүлж байсан бол?
УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж:
-ҮХ-ын нэмэлт, өөрчлөлтийг ард түмнээсээ асууна гэж МАН-ын мөрийн хөтөлбөрт ч, ҮХ-ийг хэлэлцэх хуулинд ч байгаа. Ард түмэн дэмжихгүй бол энэ ҮХ дэмжигдэхгүй.
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:
-Гишүүд өөрөө өөрсдийнхөө л байр суурийг илэрхийлж байгаа. 76 цөөдөөд байгаадаа биш, 76-г хариуцлагажуулах л тухай асуудал. Тэгээд үндсэн хийх ёстой ажлаа хийх ёстой. Ингэж чадвал парламентын ажил хэвийн явагдана. Иргэд дургүйцээд байхад энэ саналыг зүтгүүлж байсан асуудлын тухайд би мэдэхгүй ээ.
УИХ-ын гишүүн А.Сүхбат:
-Олон нам, эвсэлээс олон санал гарч байгаа. Бусад улс орны туршлагаас ч судалсан байх. Ер нь олон санаа уралдаж байгаа. Тэгэхээр яг тэр гаргаад энэ ингэсэн гэж өнөөдөр ярихад боломжгүй.
Я.ХУЛАН
1 comment
хулан гэж энэ жиба бас юугаа хуцаад байнаа