Нүүрсний салбарын худалдаа хөрөнгө оруулалтын олон улсын “Coal Mongolia-2019″ чуулга уулзалт ес дэх жилдээ зохион байгуулагдагдаж байна. Шангри-Ла зочид буудалд нээлтээ хийсэн уулзалт энэ онд “Өрсөлдөөнд манлайлъя” уриан дор болж байгаа юм.
Чуулганы Ерөнхий зохион байгуулагчаар “Монгол Нүүрс” ассоциаци, хамтрагчаар Хятадын Нүүрс Тээвэр Худалдааны ассоциаци ажиллаж байна. Азийн зах зээлд Монголын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг бэхжүүлэх зорилгоор 2011 оноос хойш жил бүр зохион байгуулж ирсэн чуулган уулзалт дээр нүүрсний салбарын зах зээлийн төлөв, үнийн чиг хандлагын талаар дэлхийн нөлөө бүхий судалгаа, шинжилгээний байгууллагын шинжээч, судлаачдын байр суурь, коксжих нүүрсний гол хэрэглэгч БНХАУ-ын эрэлт, нийлүүлэлт, ОХУ, Австрали, Индонез, Энэтхэг зэрэг өрсөлдөгч орнуудын өөрчлөлт, зах зээлийн тэлэлтийн тухай мэдээллүүд нэгдсэн байдлаар дэлгэгддэг.
Энэ онд манай улс 42 сая тонн нүүрс өмнөд хөршийн зах зээлд нийлүүлэхээр төлөвлөсөн. Оны эхний долоон сарын байдлаар 20 орчим сая тонн нүүрс буюу төлөвлөгөө 50 хувийн биелэлттэй байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад экспорт 0.42 хувиар өсчээ. Чуулга уулзалтын маргаашийн сэдэв “Нүүрсний олборлолт, баяжуулалт, тээвэр, ложистикийн асуудлаар үргэлжилнэ.