Монгол Улсад хийсэн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины айлчлалыг Азийн бүс нутаг дахь Оросын гадаад бодлогын идэвхжил хэмээн харах хэрэгтэй гэж олон улсын мэтгэлцээний “Валдай” клубын программын захирал Тимофей Бордачёв “ТАСС” агентлагийн сурвалжлагчтай ярилцах үеэрээ мэдэгджээ.
Тимофей Бордачёв: Энэ айлчлал аль эртнээс чухал байсан гэж би бодож байна. Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Дорнын эдийн засгийн чуулганд гурав дахь удаа оролцож байгаа. Дээр нь Орос Евразийн том орон зайг байгуулах концепцийг тууштай хэрэгжүүлж байна. Үүнд Монгол Улс мөн ч чухал байр суурь эзэлдэг. Ерөнхийдөө Орос Ази тив дэх харилцаа холбоогоо идэвхжүүлж байгаа” гэсэн байна.
Мөн Оросын Ерөнхийлөгчийн айлчлал хоёр талд хоёуланд нь стратегийн чухал ач холбогдолтой гэсэн байна. “Мэдээж бидэнтэй шууд хиллэдэг, манай том хөрш болохоор ямар ч тохиолдолд мартах учиргүй” гэжээ.
Монгол Улс хэдийгээр хүн ам цөөнтэй, эдийн засгийн хэмжээ бага хэдий ч газар зүйн байрлалаараа бүс нутагт чухал үүрэг гүйцэтгэдэг гэдэгт Бордачёв анхаарлаа хандуулаад “Яах аргагүй хөрш бүх орон Монгол Улсыг хамтын ажиллагааны бүс байлгах сонирхолтой” хэмээн хэлсэн байна.
Оросын Төрийн тэргүүн Улаанбаатарт айлчилсан нь эртнээс төлөвлөсөн зүйл. Өнгөрсөн 07 дугаар сард АНУ, Монгол Улсын хооронд стратегийн хамтын ажиллагааны гэрээ байгуулсан нь энэхүү айлчлалыг хийх зорилгод нь огт нөлөөлөөгүй.
Тиймээс Азийн энэ улсын төлөөх Орос-Америкийн геополитикийн өрсөлдөөний талаар ярих нь тохиромжгүй гэж шинжээч үзжээ. “Энд Монгол Улсын төлөөх ямар нэгэн тэмцэл болж байна гэж би бодохгүй байна. Манай америк түншүүд боломжтой бүхий л газарт тэмдэглэгдэхийг оролдож байгаа нь мэдээжийн хэрэг.
Гэхдээ энэ тохиолдолд Орос, эсвэл Хятадын зүгээс ямар нэгэн дарамт шахалт ирнэ гэж санаа зовох шаардлага байхгүй. Монгол Улсын одоогийн засаг захиргаа Орос, Хятадтай өмнөх Засгийн газруудаас илүү хамтын ажиллагаагаа бэхжүүлэх сонирхолтой байдаг. Өмнөх Загсийн газрууд нь Москва, Бээжин болон Вашингтонтой харилцах харилцаандаа тэнцвэртэй байдлаа хангахыг эрмэлзэж ирсэн. Монголын талаас Оростой хамтран ажиллах нь маш чухал. Яагаад гэвэл Хятадын зайлшгүй өсөн нэмэгдэх нөлөөг тэнцвэржүүлэх ач холбогдолтой” гэж Бордачёв үзжээ.