Амар хялбар аргаар мөнгө олох гэсэн сэдэл нь иргэдийг залилан мэхлэх гэмт хэргийн хохирогч болгосоор байна. Манай улсад гэрээ болон сүлжээний бизнесээр халхавчилсан залилах гэмт хэрэг цөөнгүй үйлдэгддэг.
Иймд залилангийн гэмт хэргийн нөхцөл байдал болоод уг гэмт хэргийн золиос болохгүйн тулд иргэд юуг анхаарах ёстой мөн цагдаагийн байгууллага залилан, мэхлэх гэмт хэрэгтэй хэрхэн тэмцэж буй талаар Нийслэлийн цагдаагийн удирдах газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Б.Нямсүрэнтэй ярилцлаа.
-Манай улсад залилах гэмт хэргийн гаралт ямар түвшинд байгаа вэ?
-Хотжилт, хүн амын төвлөрлийг дагаад гэмт хэрэг үйлдэх этгээдүүдийн арга нарийсаж байна. Өнгөрөгч 2018 онд залилангийн гэмт хэрэг 2,978 бүртгэгдсэн бол 2019 он гарсаар 3,162 хэрэг бүртгэгдэж 6.7 хувиар өссөн.
-Өсөж буй шалтгааныг нь тодотговол?
-Иргэд хууль зүйн мэдлэг дутмаг байгаагаас энэ төрлийн гэмт хэрэг өссөн. Мөн амар хялбар аргаар мөнгө олох гэсэн сэтгэлгээ иргэдийг хохироож байна.
-Залилангийн гэмт хэргийг задалж авч үзвэл ямар төрлийн залилан давамгайлж байгаа вэ?
-Сүүлийн үед интернет сүлжээг ашиглан гадаадын гэмт этгээдүүд Монгол Улсын иргэн аж, ахуйн нэгж байгууллагуудыг залилах тохиолдол гарах болсон.
Үүгээр ч зогсохгүй бусдын итгэлийг олж хуурч мэхлэх аргаар эд хөрөнгийг нь өөрийн болгох, дансаар мөнгийг нь шилжүүлж авах зэрэг залилан үйлддэг. Тухайлбал, гадаадад суралцуулна, виз гаргана, диплом болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, газрын бичиг баримт гаргаж өгнө хэмээн залилах тохиолдол олширсон. Ер нь цахим залилангийн гэмт хэрэг давамгайлж байгаа.
-Олон нийтийн сүлжээгээр дамжуулан залилангийн гэмт хэрэг үйлддэг этгээдүүдийг хэрхэн таньж мэдэх вэ?
-Цахим залилан нь иргэдийн сошиал хаягийг судлан ганц бие эмэгтэйчүүдийг онцлон харилцаа тогтоодог.
Жишээлбэл, АНУ-д амьдардаг иргэн өөрийгөө армид удирдах албан тушаалтан хийдэг хэмээн танилцуулж удаан хугацааны турш онлайнаар харилцаж итгэлийг олж авахын зэрэгцээ, Монгол Улсад очиж хамт амьдарна хэмээн итгүүлдэг. Энэ тохиолдолд гэмт этгээд аль нэг гадаад улсын дансанд гацсан их хэмжээний мөнгөө Монгол Улс руу гуйвуулахад гарах зардал, шимтгэл гэх нэрийдлээр гадаад данс руу 8,000-9,000 ам.доллар шилжүүлэн авсан тохиолдол байна.
Мөн хэн нэгний фэйсбүүк рүү код хуулах программ явуулж, линк рүү ороод лайк дараад дэмжээд өг гэх бөгөөд лайк дарангуут таны код шууд тусгайлан бэлдсэн программаар хуулагддаг. Дараа нь таны фэйсбүүк хаягны кодыг өөрчилж чатыг нь шалгаж хэнтэй их харилцдаг вэ гэдгийг судлан мөнгө зээлээч гэх утга бүхий мессэж явуулж эхэлнэ.
Ийм аргаар дөрвөн хүн тутмын нэгээс нь заавал мөнгө салгадаг нь шалгалтаар тогтоогдсон.Тийм учраас эдгээр утга бүхий мессеж явуулж хандалт хийж буй үйлдэлд итгэж болохгүй. Энэ мэтчилэн залилангийн хэрэг сүүлийн үед цагдаагийн байгууллагад цөөнгүй бүртгэгдэх болсон.
-Хохирогчдын тухайд?
-Худалдаа бизнес эрхэлдэг хүмүүс энэ хэргийн хохирогч болох нь элбэг.
Иргэд хүнээс мөнгө зээлж түүнийгээ өсгөж дундаас нь ашиг олно гэсэн хялбар бодлоос болж энэ хэргийн золиос болдог. Мөн хууль эрх зүйн мэдлэггүйн улмаас хохирдог.
-Цагдаагийн байгууллага залилан мэхлэх гэмт хэрэгтэй хэрхэн тэмцэж байгаа вэ?
-Залилангийн хор уршгийг олон нийтэд ойлгуулах, таниулан сурталчлах нөлөөллийн ажлуудыг цагдаагийн байгууллагаас зохион байгуулдаг. Одоогоор бид пирамид тогтолцооны буюу луйврын аргаар үйлдэгдэж буй залилангийн гэмт хэрэгтэй тэмцэх хяналт шалгалтыг зохион байгуулж, урьдчилан сэргийлэх ажлуудыг хийж хэрэгжүүлж байна.
Бидний хэлж заншсанаар сүлжээний бизнес юм. Иймд залилан мэхлэх гэмт хэргийг илрүүлэхийн тулд иргэдийн оролцоо чухал гэдгийг дашрамд дурдъя.
Цаашлаад энэхүү гэмт хэргийг үйлдэж буй аргыг иргэдэд мэдээлж, таниулах нь чухал. Ингэснээр залилагч этгээдэд мөнгө, эд зүйлээ өгөхөөс татгалзах сэдэл төрөхөөс гадна сэтгэл санаа, эд хөрөнгөөрөө хохирох эрсдэл багасах ач холбогдолтой.
-Бага насны хүүхдийн гэнэн итгэмтгий занг ашиглан залилан үйлдэх тохиолдол цөөнгүй байдаг. Энэ талаар сэрэмжлүүлэг мэдээлэл өгөөч?
-Ерөнхий боловсролын сургуулийн орчинд залилан мэхлэх гэмт хэрэг гарах тохиолдол цөөнгүй бүртгэгддэг. Наад зах нь бага насны хүүхдүүд эцэг, эхтэйгээ холбоо барих зорилгоор гар утас ашиглах нь олширсон. Үүгээр далимдуулж ах нь, эгч нь утсаар чинь нэг хүн рүү яриад өгье хэмээн хуурч утсыг нь авч зугтаадаг.
Иймд эцэг эхчүүд хүүхдэдээ үнэтэй гар утас хэрэглүүлэхээс татгалзаж, танихгүй хүнтэй болгоомжтой харьцахыг захиж, багш, эцэг, эхчүүдийн хоорондох уялдаа холбоог сайжруулах хэрэгтэй. Бага насны хүүхэд залилан мэхлэх гэмт хэргийн золиос болж буй гол шалтгаан нь эцэг, эхийн хараа хяналт сул байгаагаас үүдэлтэй. Тийм учраас аливаа гэмт хэргийн хор уршгийн талаар хүүхдэдээ хэлж ойлгуулах нь чухал.
-Залилан, мэхлэх гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд хуулийн ямар хариуцлага ногдуулдаг вэ. Энэ хэрэгт холбогдогчдын нас, хүйс болон нийгмийн байр байдлын талаар дурдвал?
-Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1, хуурч, аль эсвэл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглах, мөн зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, нэр хүнд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол 450 нэгжээс 14 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, аль эсвэл 240 цагаас 720 цаг хүртэлх хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ. 17.3 дугаар зүйл 2.2 Бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол арван нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 2-8 жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэнэ.
Энэ төрлийн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 5-12 жил байдаг.
Залилан, мэхлэх хэргийг ихэвчлэн эмэгтэй хүмүүс үйлддэг гэх судалгаа бий.
-Яагаад?
-Хүмүүс эмэгтэй хүн гэдэг утгаар нь илүү их итгэл хүлээлгэдэг.
-Энэ төрлийн гэмт хэргийн золиос болохгүйн тулд иргэд юуг анхаарах шаардлагатай вэ. Тэр дундаа сүлжээний бизнесээр халхавчилсан залилангаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Ямартай ч таны мөнгийг өсгөж өгье гэсэн сүлжээний бизнест хууртахгүй байх.
Мөн судлаагүй танихгүй хүмүүстэй гэрээ хийхдээ мэргэжлийн хуулийн байгууллагаас зөвлөгөө мэдээлэл авах зэргээр судалж шалгах нь зөв. Ер нь зах зээлийн эдийн засгийн эргэлтгүйгээр таны мөнгө богино хугацаанд хэд дахин үржиж, гэнэт баяжих боломжгүй гэдгийг иргэд ухамсарлах хэрэгтэй.
Залилангийн хэрэг ихэвчлэн фэйсбүүк болон мэдээллийн урсгалаар дамжин үйлдэгдэж байна. Хэрэв фэйсбүүк аккаунтаа ашиглан мэдээлэл авах гэж байгаа бол заавал албан ёсны вэб сайт болон аппликейшин ашиглан хандалт хийхийг зөвлөе.
Фэйсбүүкээр цацагдсан ямар ч хамаагүй линкийг нээхэд л та эрсдэлд орж мэдэхээр болсон цаг үе. Хэрвээ та цахим орчинд фэйсбүүкийг өдөр тутам ашигладаг бол долоо юм уу арав хоногт нууц үгээ сольж байхыг зөвлөе.
Ингэснээр та хуурамч сайтаар дамжин өөрийгөө гэмт хэргийн хохирогч болохоос хамгаалж чадна. Цагдаагийн байгууллагад бүртгэсэн залилангийн гэмт хэргийг судлахад, иргэд нийгмийн цахим сүлжээнд бусдад хууртах, бодит байдлыг нууж, төөрөгдүүлэх, олон шатлалын маркетинг, пирамид тогтолцоотой луйврын аргад ихээр автаж байна.
-Залилангийн гэмт хэрэг ямар замаар үйлдэгддэг вэ?
-Онлайн хэлбэрээр залилах гэмт хэрэг нь хуурамч гүйлгээ хийх, хуурамч байгууллага бий болгох, гэмт хэргээ далдлахын тулд санаатайгаар болон зохиомлоор дампуурах, сүлжээний бизнес, гоо сайхны болон гадаад улсаас уран зураг, эм бэлдмэл оруулж ирэх зэргээр шатлал бүхий сүлжээ үүсгэж бусдыг их хэмжээгээр хохироох, бусдын дансыг ашиглах, ялангуяа банк санхүүгийн салбарт албан тушаалын давуу байдлаа ашиглах, байгууллагынхаа нууц код, тэмдэгтийг хэрэглэх, хуурамч гүйлгээ хийх замаар үйлдэгдэж байна.
Тиймээс иргэд танихгүй хүнийг найзаар байлгах, өөрсдийн хувийн мэдээллээ сайтар нууцлаагүйгээс гэмт этгээдүүдийн бай болж байгааг ойлгох хэрэгтэй. Цахим гэмт хэрэгтнүүдийн гадаад орноос ашиглаж буй цахим болон IP хаяг нь хуурамч, олдох боломжгүй, олон улс дамнасан байдгаараа бусад хэргээс ялгаатай байдаг.
Танд зээл өгнө, мөнгө явуулсан, та азтан боллоо хэмээн харилцаж буй хүн бол гэмт этгээд гэдгийг үргэлж санаж, мессежээр харилцахгүй байхыг анхааруулж байна.