Японы Засгийн газар өчигдөр сүмо бөхийн их аварга Хакүхо Даваажаргаыг тус улсын иргэн болсныг албан ёсоор зарлав. Мэргэжлийн сумогийн их аварга 34 настай Хакүхо хамгийн олон буюу 42 башёд түрүүлж, сүмо бөхийн дээд амжилтыг эвдсэн нэгэн.
Их аварга зодог тайлсаныхаа дараа өөрийн дэвжээг байгуулахаар төлөвлөсөн бөгөөд Сумо бөхийн холбооны дүрэмд дэвжээ байгуулах гадаадын бөх заавал Япон Улсын иргэн байх ёстой гэсэн шаардлага тавьдаг аж.
Энэ дагуу Хакүхо Даваажаргал өнгөрөгч зургадугаар сард Монгол Улсын иргэншлээс татгалзах хүсэлт тавьсаныг Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авсан билээ. Игэншлээ сольсон анхны Монгол сүмоч болсон Хакүхо өчигдөр Токиод сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Японы иргэн хүний хувьд хамгийн сайнааараа хичээх болно. Миний 18 жилийн хөдөлмөр өнөөдөр намайг энд авчирлаа. Сүмо бөхийн хөгжилд хувь нэмрээ оруулахыг хүсэж байна” хэмээжээ.
Эх сурвалж: NHK, Japan times