ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путиныг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Төв талбайд угтан авч, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.
Хоёр улсын Төрийн тэргүүн нар Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн гэр өргөөнд ганцаарчилсан уулзалт хийх юм. Үүний дараа албан ёсны хэлэлцээ хийж, айлчлалын хүрээнд яригдсан асуудлаар хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл хийхээр товлосон. ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалыг 270 гаруй хэвлэл сурвалжилж байгаа юм.
Путиныг дагалдан явах төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Засгийн газрын орлогч дарга Алексей Гордеев, Эрчим хүчний сайд Александр Новак, Роснефть-ийн тэргүүн Игорь Сечин нар багтжээ.
Түүнчлэн В.Путинд УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар бараалхаж, хоёр улсын хамтын ажиллагааны талаар санал солилцоно. Айлчлалын хүрээнд хоёр улсын төрийн тэргүүн нар Их тэнгэр цогцолборт Халх голын ялалтын 80 жилийн ойн зоог барих юм
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины 2000 оноос хойш Ерөнхий сайдын хувиар хоёр, Ерөнхийлөгч болоод хоёр дахь удаагаа Монгол Улсад айлчлал хийж буй нь энэ юм. Ерөнхийлөгч Путин үүний өмнө Халхын голын дайны 75 жилийн ойгоор манай улсад айлчилж байв.
Ерөнхийлөгч Путин энэ удаагийн айлчлалаар хэд хэдэн гэрээнд гарын үсэг зурна. Гэрээнээс хамгийн чухал нь хоёр орны найрсаг харилцаа, стратегийн иж бүрэн түншлэлийн гэрээ юм. Ерөнхийлөгч Х.Баттулга наймдугаар сард АНУ-д айлчлахдаа тус улстай Стратегийн иж бүрэн түншлэлийн гэрээг байгуулсан бол хойд хөрштэй одоо байгуулах гэж байна. Манай улс БНХАУ-тай уг гэрээг байгуулсан юм.