АНУ-аас Талибан зэвсэгт бүлэглэлтэй хийсэн хэлэлцээрийн дагуу цэргээ Афганистанаас гаргахаар болсон байна. Тохиролцооны дагуу АНУ-аас 20 долоо хоногийн дотор 5400 цэргээ Афганистанаас гаргах аж. Цэргээ гаргасны хариуд Талибан бүлэглэлээс АНУ болон түүний холбоотны эсрэг халдлага, дайралтад Афганистаныг бааз болгож ашиглахгүй гэж тохиролцжээ. Афганистанд одоогоор АНУ-ын 14 мянган цэрэг байрлаж буй.

Удаан хүлээгдсэн хэлэлцээрийн зарим заалтыг АНУ-ын төрийн департментын Афганистаны асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Замлая Халилзад анх удаа телевизийн ярилцлагын үеэр тодруулан ярьжээ. Гэхдээ хэлэлцээрт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм. АНУ болон Талибаны төлөөлөгчид Катарт найман удаа уулзсаны эцэст тохиролцоонд хүрчээ.

Өнгөрсөн долоо хоногт гадаадын цэргүүдийн эсрэг үйлдсэн халдлагын улмаас таван энгийн иргэн амь үрэгдэж, 20 гаруй хүн гэмтэж бэртсэн юм. Уг халдлагыг Талибан бүлэглэл зохион байгуулснаа мэдэгдсэн. 2001 оны АНУ-аас цэрэг оруулсан дайнаас хойш Талибан бүлэглэл Афганистанд хяналтаа тогтоосон газар нутгийн хэмжээ нэмэгдсээр байгаа юм. Өнгөрсөн хугацаанд Афганистанд олон улсын цэргийн эвслийн 3500 гаруй цэрэг, алба хаагч амь үрэгдсэний 2300 гаруй нь америкчууд байжээ. НҮБ-ын мэдээлснээр энэ оны хоёрдугаар сарын байдлаар Афганистанд амь үрэгдсэн энгийн иргэдийн тоо 32 мянга болсон байна.

Эх сурвалж: ВВС

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн