Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин албан ёсны айлчлал хийхээр өчигдөр /2019.09.02/ үдэш тусгай үүргийн онгоцоор Улаанбаатарт хүрэлцэн ирсэн юм. Түүний албан ёсны айлчлал өнөөдөр/2019.09.03/ эхлэх бөгөөд Халх голын ялалтын 80 жилийн ойн баярт уригдсан тэрбээр манай улсад дөрөв дэх удаагаа айлчилж буй нь энэ юм.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг албан ёсоор угтах ёслолын ажиллагаа өнөөдөр /2019.09.03/ 13.00 цагт Сүхбаатарын талбайд болно. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар Их эзэн Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, үүний дараа ОХУ-ын Ерөнхийлөгч “Хүндэт зочин”-ы дэвтэрт гарын үсэг зурж, дурсгалын гэрэл зураг татуулах юм байна.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар 40 орчим минут ганцаарчилсан уулзалт хийнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцоно.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар бараалхана.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар ЗХУ-ын баатар, маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөнө. Түүний айлчлалыг 270 гаруй хэвлэл сурвалжилж байна.