Замын-Үүд боомтын шинэчлэлийн бүтээн байгуулалтын ажил эхэлж байгаатай холбогдуулан 2019 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс боомтын үйл ажиллагааг нэг жилийн хугацаагаар түр горимд шилжүүлжээ.
Энэ хугацаанд суудлын болон УАЗ автомашинаар зорчигчид хуучин боомтын баруун хойд талд байрлах Замын-Үүд чөлөөт бүсийн зам талбайгаар нэвтэрнэ. Харин ачаа тээврийн хэрэгслүүдийн хувьд хуучин маршрутад өөрчлөлт орохгүй гэж Замын-Үүд сумын Засаг даргын тамгын газраас мэдээлээ.
Түр горимоор зорчих маршрут болон түр байгууламжуудын байршлын зургийг танилцуулж байна.
Түр горимд шилжүүлж байгаатай холбогдуулан хил, гаалийн байгууллагын хэвийн үйл ажиллагаанд шаардагдах дэд бүтэц, зам талбай, түр байгууламжуудын бэлэн байдлыг хангаж, иргэд, аж ахуйн нэгжүүдэд хүндрэл учруулахгүйгээр зохион байгуулсан байна.
Боомтын барилга угсралтын ажил 2020 оны 10 дугаар сард дуусахаар төлөвлөгджээ
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Гаалийн шинэчлэл”-ийн хүрээнд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Гаалийн шинэчлэл”-ийн хүрээнд Замын-Үүд боомтыг олон улсын жишигт нийцүүлэн шинээр барих, хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийн бүтээн байгуулалтын ажил эхлэх гэж байна.
Төслийг БНХАУ-ын 201 сая юань (75 тэрбум төгрөг)-ийн буцалтгүй тусламжаар санхүүжүүлж, зорчигч тээврийн 30, ачаа тээврийн 28 барилга, дэд бүтэц, ногоон байгууламж баригдана.
Түүнчлэн шуурхай удирдлагын төвтэй холбогдсон орчин үеийн теле хяналтын систем бүхий тээврийн хэрэгслийг автоматаар бүртгэх ухаалаг гарцууд болон өндөр хүчин чадлын рентген, тоног төхөөрөмжүүд суурилагдана. Боомтын барилга угсралтын ажил 2020 оны 10 дугаар сард дуусахаар төлөвлөгджээ.
Замын-Үүд боомт нь нийт зорчигчийн 40 хувь, суудлын тээврийн хэрэгслийн 76 хувь нэвтэрдэг импортын хамгийн том боомт боловч барилга байгууламж, дэд бүтэц нь өсөн нэмэгдэж буй хэрэгцээ шаардлагыг хангахгүй, ачааллаа дийлэхгүйгээс зорчигч, ачаа тээвэр хилээр нэвтрэхэд олон төрлийн хүндрэл гарч байгаа юм.