Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч Та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ удаад Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
Монгол Улсын Засгийн газраас санаачилж 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурал 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.
2001 онд батлагдсан Харилцаа холбооны тухай хуулиар харилцаа холбооны сүлжээ байгуулах, түүнийг ашиглах, хамгаалах харилцааг зохицуулж байсан бөгөөд уг хууль нь төрийн оролцоог багасгах зорилгоор хөндлөнгийн зохицуулалтын механизмыг бүрдүүлж, зах зээлийг либеральчилж өрсөлдөөнийг бий болгосон бол энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр мэдээллийн технологийн талаарх зохицуулалтыг нэмж, дараах зохицуулалтыг нарийвчлан тусгалаа:
1.Мэдээлэл, харилцаа холбооны салбарын хурдацтай хөгжил, зах зээл, өрсөлдөөний орчны өөрчлөлт, шинэчлэлтийн чиг хандлагад нийцүүлэн салбарын бодлого зохицуулалтыг оновчтой болгож, асуудал хариуцсан төрийн байгууллагуудын чиг үүргийн ялгаа, заагийг тодорхой болгов.
2.Монгол Улсад харилцаа холбоо, мэдээллийн технологийг нэгдмэл бодлого, төлөвлөлт, зохион байгуулалттай хөгжүүлэх, салбар бүрд мэдээлэл, харилцаа холбооны технологи харилцан уялдаагүй, нэгдсэн стандартгүй, хөрөнгө оруулалтын давхардлыг үүсгэн нэвтэрч байгааг өөрчилж, харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага салбар хоорондын уялдааг хангах хуулийн зохицуулалтыг бий болголоо.
3.Бүх нийтэд харилцаа холбоо, мэдээллийн технологид тулгуурласан бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэх талаар мэдлэг, боловсрол эзэмшүүлэх, бусад салбарын болон салбар хоорондын харилцаа холбоо, мэдээллийн технологийн хэрэглээ, төсөл, хөтөлбөрийн уялдаа холбоог хангах, харилцаа холбоо, мэдээллийн технологийн бүтээгдэхүүний оюуны өмч, зохиогчийн эрхийг хамгаалах, харилцаа холбоо, мэдээллийн технологийн инноваци, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, үндсэн сүлжээний оновчтой бүтцийг бий болгох, техник, технологи нэвтрүүлэх зэрэг асуудлыг Харилцаа холбооны талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичигт тусгахаар хуульчлав.
4.Мэдээлэл, харилцаа холбооны салбарын өрсөлдөх чадвар, үр ашиг, аюулгүй байдал, чадавхыг дээшлүүлэх зорилгоор захиргааны харилцаа холбоо, мэдээллийн технологийн аудитын тогтолцоог бий болгов.
5.Мэдээлэл, харилцаа холбооны салбарын эрдэм шинжилгээ, судалгааны үйл ажиллагааг явуулах, судалгааны үр дүнг бодлого, зохицуулалт, шинэ технологи хөгжүүлэх, үйлдвэрлэл, инновацийн үйл ажиллагаатай холбосон зохицуулалтыг тусгалаа.
6.Нийгмийн сүлжээнд нэрээ нуусан хаягнаас бусдын нэрээр орохыг хориглох зорилгоор хэрэглэгчийг регистрийн дугаараар нь бүртгэхийг оператор компаниудад үүрэгжүүлж, зах зээлд давамгай байдалтай аж ахуйн нэгжүүд өөрийн дэд бүтцийг ашиглан хамаарал бүхий компанидаа хөнгөлөлттэй нөхцөл олгож, өрсөлдөөний тэгш бус байдал үүсгэж байгааг хязгаарлах зорилгоор өрсөлдөөнийг дэмжих, үйлчлэгчдэд ижил нөхцөл олгохтой холбогдсон зохицуулалтыг хуульчиллаа.
Уг хууль батлагдсанаар харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр төрийн бодлого, зорилтыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалттайгаар ханган хэрэгжүүлэх боломж бүрдэж, салбар хоорондын харилцаа холбоо, мэдээллийн технологийн бодлого, төлөвлөлтийн нэгдмэл байдлыг хангаж, харилцаа холбоо, мэдээллийн технологийн давуу талыг ашигласны үр дүн нэмэгдэн, давхар хөрөнгө оруулалт эрс буурч, үйлчилгээний чанар сайжирна гэж үзсэн болно.
Тус салбарын судалгаа, шинжилгээний үйл ажиллагааг боловсронгуй болгосноор харилцаа холбоо, мэдээллийн технологийн дэвшлийг бүх нийтийн хүртээл болгох, өндөр технологи, экспортын чиг баримжаатай үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломжтой болж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэн мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжлийг хурдасгах боломж бүрдэх юм.
Эх сурвалж: Улсын Их Хурлын Тамгын газар