“Соёлын эд зүйлсийг хууль бусаар хил дамнуулан худалдаалахтай тэмцэх Азийн бүс нутгийн түнш орнуудын сургалт” Улаанбаатар хотноо болж өндөрлөжээ. Энэхүү сургалтыг Европын хамтын ажиллагаа, аюулгүй байдлын байгууллага, БСШУСЯ, ГХЯ, Соёл урлагийн газар хамтран зохион байгуулж ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс дэмжиж ажилласан байна. Дэлхийн хамгийн том нэр хүндтэй аюулгүй байдлын байгууллага болох Европын хамтын ажиллагаа, аюулгүй байдлын байгууллага нь тус сургалтыг удирдан чиглүүлж НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба, Дэлхийн гаалийн байгууллага, Италийн Карабиниери соёлын өвийг хамгаалах газар, Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага, Канадын өвийн газар болон АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын алба зэрэг байгууллагуудаас соёлын эд зүйлсийг хууль бусаар худалдаалахтай тэмцэх чиглэлээр мэргэшсэн шинжээч, төлөөлөгчид өөрийн улс оронд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, дэлхийн дахинд тулгамдаж буй асуудлуудын талаар өөрсдийн санал туршлагаасаа хуваалцжээ.
Энэхүү сургалтад Солонгос, Тайланд, Япон улсын төлөөлөгчид ирсэн бөгөөд Монгол Улсаас Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Соёлын өвийн үндэсний төв, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Палеонтологи, геологийн хүрээлэн зэрэг 15 байгууллагуудаас төлөөлөгчид хамрагдсан аж.
“Соёлын үнэт зүйлийг хууль бусаар хилээр гаргах, оруулах, түүнчлэн өмчлөх эрхийг шилжүүлэхийг хориглох, урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай” ЮНЕСКО-ийн 1970 оны конвенцод Монгол Улс 1991 онд нэгдэн орсон. Монгол Улсын хувьд 1970 оны конвенц манай улсын соёлын өвийг хамгаалах хууль тогтоомжид тусгалаа олж, олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлж, гадагш алдагдсан соёлын өвийг эгүүлэн татахад чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Тухайлбал, соёлын өвийг хамгаалах тухай хууль, Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга, 2010–2015 оны хооронд хэрэгжсэн ЮНЕСКО/Монакогийн Итгэлцлийн сангийн “Соёлын эд зүйлсийн хууль бус худалдаатай тэмцэх чадавх дээшлүүлэх” төсөл болон Тарбозавр Батаар зэрэг бусад олдворуудыг АНУ-аас 2013 онд эргүүлэн авчирсан зэргийг дурдаж болно.
Түүнчлэн, 1970 оны конвенцын шийдэж чадаагүй зарим хувийн эрх зүйд хамаарах асуудлыг шийдвэрлэсэн “Хулгайлагдсан эсвэл хууль бусаар экспортлогдсон соёлын эд зүйлсийн тухай” 1995 оны ЮНИДРУА-ийн конвенцод Монгол Улс нэгдэн орохоор бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Энэхүү конвенц нь соёлын эд зүйлс хулгайлагдсан эсвэл хууль бусаар экспортлогдсон тохиолдолд эгүүлэх болон буцаан олгоход дөхөм болох зорилготой бөгөөд цаашилбал үндэстэн, угсаатан, уугуул иргэд, ард түмнүүдийн нийтлэг өвд нөхөж баршгүй хохирол учруулахаас сэргийлсэн, соёлын эд зүйлсийг хуль бусаар худалдаалахтай тэмцэхэд боловсронгуй болсон нэгэн чухал эрх зүйн баримт бичиг юм. Тус конвенцод нэгдэн орох нь дотоодын хууль тогтоомжид орхигдсон орон зай тодорхой хэмжээнд нөхөгдөж салбар дундын болон улс хоорондын хамтын ажиллагаа эрчимжиж, үндэсний хууль тогтоомжоо чангатгах боломж нээгдэх юм.