Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Анагаахын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг 11 их, дээд сургуульд гэнэтийн шалгалт хийжээ. Шалгалтаар Сувилахуйн сургууль нь сувилагчийг гурван сараар бэлтгэсэн, АШУҮИС нь салбарын яамнаасаа зөвшөөрөл авалгүй Дархан-Уул, Говь-Алтай, Дорноговь аймаг дахь салбар сургуулийнхаа үйл ажиллагааг явуулж байсан зэрэг зөрчил илэрчээ. Үүнд,
Дээд сургуулийн бакалавр буюу түүнээс дээш зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэх тусгай зөвшөөрлийг БСШУСЯ олгодог. АШУҮИС Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй. Гэсэн хэрнээ уг гэрчилгээгээрээ Дархан-Уул, Говь-Алтай, Дорноговь аймаг дахь салбар сургуулийн үйл ажиллагааг давхар явуулж байжээ.
Сувилахуйн сургуульд зөрчлийн хэрэг үүсгэжээ. Учир нь МСҮТ, политехникийн коллежид сургалт явуулах зөвшөөрлийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (ХНХЯ) олгодог аж. Сувилахуйн сургуулийнхан үүний дагуу тус яамнаас сургалт явуулах эрх авсан ч дараах зөрчил гаргав. Тэд Эрүүл мэндийн хөгжлийн төвийнхөнтэй гэрээ байгуулж, туслах сувилагч бэлтгэх хугацааг гурван сар болгосныг шалгалтаар илрүүлжээ.
Улсын байцаагч А.Танан-Эрдэнэ “ХНХЯ-ныхны тусгай зөвшөөрлийн дагуу туслах сувилагчийг жилийн хугацаанд бэлдэх ёстой. Гэтэл Сувилахуйн сургуулийн туслах сувилагч бэлтгэх сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн гурван мэргэжилтэн боловсруулж, баталсан. Үүний дагуу элсэгчдийг гурван сарын хугацаанд сургасан байна. Энэ бол ноцтой зөрчил. Эрүүл мэндийн сайд сувилагчийн тоог нэмэгдүүлэхийн тулд таваас доошгүй жил ажилласан эмнэлгийн ажилтнуудыг туслах сувилагчаар сурган, төлбөрийг төрөөс санхүүжүүлэх шийдвэр гаргасан.
Гэтэл Сувилахуйн сургуулийн туслах сувилагчаар суралцагчдын регистрийн дугаарыг шалгахад 19 настай хүүхэд хүртэл байсан. Эрүүл мэндийн байгууллагад таван жил битгий хэл, огт ажиллаагүй хүмүүсийг богино хугацаанд сургах нэрээр төлбөрийг нь төрөөс гаргуулжээ. Өөрөөр хэлбэл, туслах сувилагч бэлтгэх сургалтыг зөвшөөрөлгүй, сургалтын төлөвлөгөөг зохих газраар нь хянуулаагүй байсан нь зөрчлийн хэрэг үүсгэх хангалттай баримт. Тэгээд ч улсын мөнгийг буцааж төлөх хэрэгтэй” гэсэн юм.
“Их засаг” их сургуулийнхан хүний их эмч бэлтгэх хүсэлт тус яаманд гаргахад тухайн сургууль уг мэргэжилтнийг бэлтгэх боломжтой, эсэхийг ажлын хэсэг томилон шалгуулжээ. Шалгалтаар сургалт явуулах орчин нөхцөл хангалтгүй, дадлага хийх газаргүй байхад нь тусгай зөвшөөрөл олгосон аж. Монголын үндэсний их сургууль сургалт явуулах шаардлагатай үзүүлэн, сургалтын материал, орчин дутмаг байхад нь мөн л үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрчээ.
Энэ мэтчилэн хүн эмчилдэг мэргэжилтнүүдийн сургалтыг хөсөр хаяснаас үүдэн эрүүл мэндийн байгууллагад судас олдоггүй сувилагч, оношоо мэддэггүй эмч, энэрэх сэтгэлгүй эх баригчид олон хүний эрүүл мэнд амь насыг хохироож байхыг үгүйсгэхгүй.