Украины хууль тогтоох байгууллага болох Дээд Радын анхны хуралдаан 16 цаг үргэлжилжээ. Пүрэв гарагийн 10 цагт эхэлсэн хуралдаан баасан гарагийн өглөө хоёр цагт өндөрлөв.
Парламентын анхны хуралдаанаар тэргүүлэгчдээ сонгох, байнгын хороод байгуулах, шинэ засгийн газрыг эмхлэх асуудлыг хэлэлцсэн байна. Тухайлбал, Украины шинэ Ерөнхий сайдаар Алексей Гончарукыг томиллоо. Өмнө нь тэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын орлогч даргаар ажиллаж байжээ. Түүнчлэн Ерөнхий прокурор Юрий Луценког огцруулахыг дэмжиж, Ерөнхийлөгч Владимир Зеленскийн санал болгосон Руслан Рябошапкийг энэ албан тушаалд томилохыг дэмжив.
Мөн парламентын гишүүдийн халдашгүй байдлыг цуцлах тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийсэн байна.Дээд Радын дараагийн хуралдааныг есдүгээр сарын 3-нд хийхээр товложээ.
Өнгөрсөн зун болсон парламентын ээлжит бус сонгуульд Ерөнхийлөгч Владимир Зеленскийн “Ард түмний зарц” нам ялалт байгуулж танхимын олонхийг бүрдүүлэх болсон юм.