Намын хурлаас 96.6 хувийн саналыг авсан Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр болов

Өнөөдөр (2017.05.07) хуралдсан Ардчилсан намын наймдугаар Их хурлаар тус намаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг батламжлах асуудлыг хэлэлцэв. Намын дарга С.Эрдэнэ Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхээр их хуралдаа УИХ-ын гишүүн асан Х.Баттулгын нэрийг оруулсан. Түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэх үгүйг аймаг, сум, нийслэлийн дүүргээс ирсэн намын Их хурлын 1206 гишүүн шийдсэн юм.
Хурал эхлэхтэй зэрэгцэн нэр дэвшигч Х.Баттулга Их хурлын гишүүдээс 50+1 хувийн санал авч чадахгүй бол тус намын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхийг төлөө өрсөлдөөнд оролцсон Л.Болд, Д.Дорлигжав, Н.Алтанхуяг, Б.Жаргалсайхан нараас илүү санал авч, Х.Баттулгатай бараг тэнцүү өрсөлдсөн Р.Амаржаргалын нэрийг зөрүүлэн дэвшүүлж магадгүй гэсэн таамаглал гарч байсан.
Гэвч намын Их хуралд оролцсон гишүүдийн 96.6 хувийн дэмжлэгийг авсан Х.Баттулга 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас өрсөлдөхөөр болов.