Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай зэрэгцүүлэн УИХ бүх ард түмнээс санал асуух боллоо. Сонгууль ирэх зургадугаар сарын 26-нд товлогдсон тул санал асуулгад бэлтгэхэд УИХ-д нэг сарын хугацаа үлдсэн гэсэн үг. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулга явуулах тухай УИХ-ын тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг, Зөвлөлдөх зөвлөлөөс анхдугаар санал асуулгын дүнд үндэслэн гаргасан зөвлөмжийг УИХ-д хүргээд байна.
Ажлын хэсгээс өгсөн мэдээллээр Анхдугаар зөвлөлдөх санал асуулгад оролцсон 740 төлөөлөгч Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд боловсруулагдсан зургаан асуудлаас дөрвийг нь хоёр шатанд дэмжжээ. Үүнд:
- УИХ, Засгийн газрын эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах,
- Улс төрөөс хараат бус, мэргэшсэн, чадварлаг нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх,
- Засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх,
- Төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах асуудал багтсан байна.
Харин дэмжээгүй болон эргэлзээтэй нэг, нэг асуудал үлдээсэн нь Монгол Улсын Ерөнхийлөгчийг 1 удаа, 6 жилийн хугацаатай, УИХ-ын өргөтгөсөн бүрэлдэхүүнээс сонгох гэсэн томъёоллыг дэмжих боломжгүй гэж үзсэн бол парламентын 2 танхимтай байх асуудлыг эхний шатанд дэмжсэн ч хоёр дахь шатанд дэмжээгүй аж. Иймээс дараагийн шатны үйл ажиллагаандаа дээрх хоёр саналыг хуулийн төсөл боловсруулахдаа харгалзан үзэх ёстой гэдгийг ажлын хэсгээс зүгээс сануулж байна.
Хуулийн төсөл боловсруулахын өмнө УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын хороо Зөвлөлдөх зөвлөлөөс гаргасан зөвлөмжийг УИХ-д танилцуулах аж. Үүний дараа УИХ, шинжээч, судлаачдын хамтарсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулагдана. Ажлын хэсэг нь иргэдийн санал, Ерөнхийлөгчийн санал, Улсын дээд шүүхийн санал, Үндсэн хуулийн цэцийн санал гэх мэт олон талын саналыг тусгасан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулна.
УИХ-аар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж эхлэхэд заалт бүрээр нь санал хураалгана. Энэхүү заалт бүр нь гишүүдээс 2/3 –ийн дэмжлэг авбал хуулийн төсөлд сууж батлагдана, дэмжлэг аваагүй нь төсөлд тусахгүй. Өөрөөр хэлбэл, дэмжлэг авсан саналуудыг Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатган ард иргэдээс асуух болж буй юм. Хугацаа бага учраас УИХ ажилдаа шуурхайлах ёстой. Учир нь Ерөнхийлөгчийн сонгуультай зэрэгцүүлэн бүх ард түмнээсээ санал хураах боломжгүй болбол 2020 оны УИХ-ын сонгуулийг хүлээх, эс бол төсөвт тодорхой хөрөнгө суулган дангаар нь санал асуух шаардлага гарна. Хаа, хаанаа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах бодит шаардлага тулгарсан гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа нөхцөлд УИХ шамдах шаардлагатай болж байна.
Эх сурвалж: news.mn
Г.ХОРОЛ