Монгол Улсын хэмжээнд 7,800 орчим хоолны газар үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнээс 5,000 гаруй нь бизнесийн салбар буюу ресторан, бар, кафе зэрэг байгаа юм. Сүүлийн жилүүдэд хоолны салбар эрчимтэй хөгжиж байгаа ч зөрчил, дутагдал байсаар байна. Тиймээс 2019 оны долдугаар сард худалдаа, нийтийн хоолны салбарт баримтлах стандарт, нэр томьёоллыг шинэчлэн баталсан байна.
Энэ нь аравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэхээр болсон талаар өнөөдөр ХХААХҮЯ, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Монголын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний мэргэжлийн боловсролын академи хамтран мэдээлэл хийлээ.
- “Хоолны газрын нэр томьёоны тодорхойлолт”,
- “Хоолны газарт тавигдах ерөнхий шаардлага”,
- “Жижиглэн худалдааны газар, түүний үйлчилгээ. Ерөнхий шаардлага” гэсэн үндэсний стандартуудыг шинэчлэн боловсруулж, жилийн турш хоол үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч нар, төрийн болон төрийн бус байгууллагын 2,000 гаруй төлөөллийг оролцуулан нийтдээ найман удаагийн хэлэлцүүлэг хийж, санал авчээ.