Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолоор Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт зөвшөөрснөөс бусад хэрэгцээнд түүхий нүүрс хэрэглэхийг энэ оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс хориглосон. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын “Агаарын чанарын хяналтын хэлтэс” хэрэгжүүлэн ажиллаж байна.
Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд маршрутын бус замаар Улаанбаатар хот руу түүхий нүүрс тээвэрлэх үйл ажиллагааг хянах, урьдчилан сэргийлэх зорилгоор явуулын хяналтын цэгийг ажиллуулж байна.
Тус хяналтын цэгт үүрэг гүйцэтгэж байгаа Мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчид түүхий нүүрсийг Улаанбаатар хот руу нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэхээс гадна байгалийн ургамал, ой, ойн дагалт баялаг, амьтан, амьтны гаралтай түүхий эд зэрэг байгаль орчны хяналт, мөн элс, хайрга, дайрга зэрэг уул уурхайн түүхий эдийн тээвэрлэлтэд байнгын хяналт тавьж байна.
Энэ хүрээнд Орчны Бохирдлыг Бууруулах Үндэсний хорооноос Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газарт авто тээврийн товчоод болоод нүүрс тээвэрлэн оруулж ирэх боломжтой замуудад ажиллах 4 явуулын ажлын байрыг хүлээлгэн өгсөн бөгөөд Гүнтийн хяналтын цэгт байнгын хяналт шалгалт хийж байгаа юм. НМХГ, Цагдаагийн ерөнхий газрын албан хаагчдын ажлын орчин нөхцөлийг сайжруулж компьютер, принтер, зургийн аппарат, камер, халаагч төхөөрөмж зэрэг шаардлагатай хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангажээ.
Өнгөрсөн тавдугаар сарын 15-наас хойш Гүнтийн хяналтын цэгт хяналт шалгалт хийх хугацаанд Төв аймгийн Лүн сумаас зөвшөөрөлгүй түүж бэлтгэсэн “Хонин арц” ховор ургамал 20 шуудай, Дархан уул аймгаас түүж бэлтгэсэн сэтгэцэд нөлөөлөх мансууруулах төрлийн ургамал 6 уут зэрэг зөрчлийг илрүүлжээ.