Энэ жил ургац хураалтад 1,216 комбайн, 511 жатка, 362 үтрэм, 120 гаруй төмс хураах комбайн, 455 төмс, хүнсний ногоо ухагч, 923 цэвэрлэгч, ачигч, сортлогч машин ажиллах судалгаа гарчээ.
Одоогийн байдлаар техникийн бэлэн байдал 82 орчим хувьтай байна. Түүнчлэн ургац хураалтын үед ажиллах тээврийн хэрэгсэл болон цэргийн албан хаагч, оюутны захиалга, ургац тээвэрт ашиглах зам гүүрийн эвдрэл гэмтлийн судалгааг орон нутгаас авч байгаа гэнэ. Ургацын урьдчилсан тооцооллоор нийт 420 мянган тонн буудай үтрэм дээр буух төлөвтэй байна.
Үүнээс энэ оны тариалалтад аж ахуйн нэгж, иргэд өөрсдийн хэрэгцээнд 50 мянган тонн буудайн үр нөөцөлж, үрийн зориулалтаар 6.6 мянган тонн, тэжээлд 21.5 мянган тонн, спиртийн үйлдвэрт 8.7 мянган тонныг тус тус зарцуулах санал ирсэн байгаа аж.
Манай улсын жилийн хэрэгцээт гурилыг дотооддоо үйлдвэрлэхэд 320 мянган тонн цэвэр хүнсний улаанбуудай шаардлагатай байдаг. Энэ жилийн хувьд урьдчилсан байдлаар гурил үйлдвэрлэлд нийт 333.2 мянган тонн буудай нийлүүлэх урьдчилсан тооцоо гарсан байна.