Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импортын хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа, хэлтсийн дарга Н.Баярсайхан нар албан тушаалын давуу байдлаа урвуулан ашиглаж, бусдыг хяхан боогдуулах замаар их хэмжээний авлига авсан болох нь АТГ-аас явуулсан мөрдөн шалгалтын явцад тогтоодсон боловч тэдэнд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэддэг үндэслэлээр Шүүх дээр хэрэг нь эцэслэгдсэн байдаг.

Энэ хэргийг шалгах явцад дээрх хүмүүсийн гэрээс нь болон орон байр, албан өрөө, биеэс нь нийт 1.0 тэрбум орчим төгрөгийг бэлнээр хурааж авсан талаар АТГ-аас өмнө нь мэдээлж байв.

Тодруулбал, МХЕГ-ын Экспорт, импортын хилийн хорио цээрийн газрын хэлтсийн дарга Н.Баярсайханыг шалгах явцад гэрээс нь 230.8 сая төгрөг, 152,177 ам.доллар, 77,000 юанийг тус тус бэлнээр хураан авч баримтжуулжээ.

Тэгвэл бид энэ удаад МХЕГ-ын хэлтсийн дарга Н.Баярсайхан нь МХЕГ-ын хэлтсийн дарга Э.Аззаяа, болон Б.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс, Ш.Тэгшвандан нартай бүлэглэн Монгол Улсын хилээр хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл олгох чиг үүргээ биелүүлэхдээ түргэн муудах болон хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл хүссэн ААН-үүдийн зөвшөөрлийг олгохгүй удаах, хясан боогдуулах арга хэрэглэж хэнээс хэдэн төгрөг авлигад авсан тухай баримтуудыг цувралаар дэлгэж байна.

БАРИМТ-1:  Нийт 4 удаагийн үйлдлээр 14.6 сая төгрөгийг Н.Баярсайханд өгсөн…

Иргэн Б.А нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газраас “Бат ***” ХХК-ийн нэр дээр Бүгд Найрамдах Хятад улсруу рапс экспортлох зөвшөөрөл авах хүсэлтийг шийдвэрлэхгүй хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж төрийн үйлчилгээг авахын тулд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Н.Баярсайхан, газрын дарга Э.Аззаяа нарт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 5 сая төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 23 сая төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 4 сая төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 3 600 000 төгрөг хахууль өгсөн нь  болох нь мөрдөн шалгалтын явцад тогтооджээ.

Энэ тухайгаа иргэн Б.А мөрдөн шалгах ажиллагааны үеэр болон Шүүх хуралдааны үеэр гэрчээр мэдүүлэхдээ,

“..Н.Баярсайхан надаас хэзээнээс мөнгө нэхэж, нэхсэн мөнгийг нь өгч эхэлсэн талаар бол сайн санахгүй байна. 10 сар гаргаад мөнгө нэхээд мөнгө өгч эхэлсэн санагдаж байгаа юм.

2017 оны 10 сарын 17-ны өдөр 5 сая төгрөгийг аавын данснаас гаргасан нь хуулганаас харагдаж байгаа.  Мөн 2017 оны 10 сарын 23-ны өдөр 2 сая төгрөгийг авч өгсөн.

Өмнө мэдүүлэг өгөхдөө 2.4 сая төгрөг гэж андуурч хэлсэн байна лээ.

2017 оны 11 сарын 24-ний өдөр уг данснаас 4 250 000 төгрөгийг авч 20 вагонд 4 сая төгрөг өгсөн юм. Өмнө мэдүүлэхдээ 18 вагон 3.6 сая төгрөг андуурсан байна лээ.

Үлдэх 250 000 төгрөгийн тэмдэгтийн хураамжид илүү авч би төлсөн. 2017 оны 11 сарын 29-ний өдөр 4 сая төгрөгийг данснаас авч энэ өдөр 18 вагоны 3 600 000 төгрөгийг мөн Баярсайханд өгсөн. Өмнө 10 вагоны 2 сая төгрөг өгсөн андуурч мэдүүлсэн байна. Нийт 4 удаагийн үйлдлээр 14.6 сая төгрөг өгсөн…” хэмээн ярьжээ.

БАРИМТ-2:  Манай хүүхэд сургууль төгсөх гээд байна, хэдэн цаас хэрэгтэй байна гэж хэлээд 25 сая төгрөг нэхжээ

Мөн иргэн Г.Д нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газраас “Ө***” ХХК-ийн нэр дээр Бүгд Найрамдах Казакстан улсаас цагаан буудаа импортлох зөвшөөрөл авах хүсэлтийг шийдвэрлэхгүй хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж төрийн үйлчилгээг авахын тулд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Н.Баярсайхан, газрын дарга Э.Аззаяа нарт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 5 сая төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 11 сая төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 10 сая төгрөгийн хахууль өгсөн тухайгаа мөрдөн байцаалтын явцад хүлээн зөвшөөрчээ.

Тодруулбал, Г.Д нь энэ тухайгаа Шүүх хуралдааны үед гэрчээр мэдүүлэхдээ: “…Би 2017 оны 09 дүгээр сард Казакстан улс руу явж будаа оруулж ирэхээр болсон юм. Яах вэ дээ эд нар чинь бизнес хийе гэхээр дандаа л саад, тээг тавьдаг байхгүй юу. Надад бол шууд мөнгө цаас өг гэж хэлээгүй.

“Би Казакстан руу явж ирчхээд будаа оруулж ирье” гэхэд Н.Баярсайхан нь зөвшөөрөхгүй байсан. Н.Баярсайханы тавьж байгаа шаардлага нь, “Нийлүүлж байгаа үйлдвэр дээр нь очиж шалгалт хийнэ, тэгээд дүгнэлтээ гаргаж байж болно” гээд байсан.

Тэгэхээр нь би Н.Баярсайхантай уулзъя гэж дуудаад кафед 2017 оны 10 дугаар сард уулзсан. Тэр үед Н.Баярсайхан нь,“Манай хүүхэд сургууль төгсөх гээд байна, хэдэн цаас хэрэгтэй байна” гэсэн. Тэгэхээр нь “чамд хэд хэрэгтэй юм бэ” гэхэд “25 сая төгрөг хэрэгтэй байна” гэж байсан.

Би бол дотроо хэзээ ч надад буцаж ирэхгүй гэдгийг мэдэж байсан. Ингээд, “Би нэг дор 25 сая төгрөгийг өгч чадахгүй ээ, эхний ээлжинд 5 сая төгрөгийг өгье, дараа нь 10 сая төгрөгийг өгье” гэсэн. Хамгийн гол нь би Казакстан улсаас будаагаа оруулж ирэх хэрэгтэй байна гэсэн.

Тэгэхэд Н.Баярсайхан нь “за тэр болно оо, харин будаа оруулж ирсний дараа будаанд ямар нэг асуудал гарвал тантай ярих юм байхгүй шүү” гэж байсан.

Би 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баярсайханы ажил дээр нь очоод 5 сая төгрөгийг бэлнээр өгсөн. Үүнээс хойш Н.Баярсайханы ажил дээр нь дахин очоод 10 сая төгрөгийг өгсөн нь үнэн.

Казакстан улсаас 14 вагон будаа буюу 1 000 гаран тонн будаа оруулж ирээд дотооддоо борлуулаад эхэлчихсэн байгаа. Будааны хувьд асуудалтай юм ёстой байхгүй. Будаагаа шинжилгээнд өгсөн чинь сайн гарсан байна лээ. Би өмнө мэдүүлэг өгөхдөө 2017 оны 11 сарын 10-ны өдөр 11 сая төгрөгийг Баярсайханы өрөөнд өгснөө хэлэхээ мартсан байна лээ…” хэмээн ярьжээ.

Н.Баярсайханы тухайд энэ мэтээр авлига авсан тухайгаа шүүхэд мэдүүлэхдээ, “Би компаниудыг дэмжиж ажиллаад хариуд нь мөнгө авсан нь үнэн. Харин хясан боогдуулсан зүйл байхгүй. Миний эцэг, эх намайг ийм замаар хүмүүжүүлээгүй. Намайг ямар хүн бэ гэдгийг аж ахуй нэгжүүд болон хамтран ажилладаг байгууллагууд мэднэ. Хүмүүс мөнгө өгч байхад авсан нь миний буруу, би мөнгө аваагүй байсан бол эрүүгийн хариуцлага хүлээхээр энд ингээд зогсохгүй байсан” хэмээн ярьсан байдаг аж.

Үргэлжлэл бий…

Эх сурвалж: Х.Онон gogo.mn

By updown

One thought on “МХЕГ-ын албан тушаалтан асан Н.Баярсайханы авлигын баримтууд-1”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн