ОХУ-ын Казань хотноо болж буй Дэлхийн ур чадварын тэмцээнд 63 орны 1300 гаруй залуустай өрсөлдөж буй Монголын багийн гишүүдийг танилцуулж байна.
“Дэлхийн ур чадварын тэмцээнд өрөг угсралтын мэргэжлээр оролцох үндэсний ялагч манай Барилгын политехник коллежоос л төрдөг. 2015 онд Энхчимэг эгч, 2017 онд Мягмарсүрэн гэж оролцсон. Одоо би явж байна” хэмээн яриагаа эхлэхээс сургуулиа магтаж эхэлсэн хүүг Гантулгын Анх-Учрал гэдэг. Тэр энэ жил 19 настай. Анх сургуульд ороход нь тосч авч зааж сургасан, ангийн багш Л.Эрдэнэчулуунтайгаа хамтдаа Казань явахаар болсондоо хамгаас их баярласан гэдэг.
Г.Анх-Учрал мэргэжлийнхээ тухай, тэмцээний бэлтгэлийн талаар “Манай гэр бүл барилгын удамтай. Хоёр өвөө минь мужаан, аав, ах нар өрлөгчид. Нэг өдөр тоосгон дээр шавар тавьж үзээд л мэргэжлээ сонгочихсон. 11 дүгээр ангид орсон хойноо сургуулиа орхиод Барилгын коллежид элссэн. Магадгүй есдүгээр анги төгсөөд орсон бол өдий дайны яваа ч бил үү. Тийм болохоор үүнийг хувь тавилан гэж боддог. Уг нь гар урлалын чиглэлээр илүү сонирхож сийлбэр оролддог байлаа. Багадаа хийсэн олон янзын бүтээл минь одоо ч бий.
Аав, ах нартайгаа нийлээд олон ажил хийсэн. Баянхонгор аймгийн Баянлиг суманд хэрэгжсэн “Шинэ сум” төсөлд оролцсон минь хамгийн том нь. Барилгын туслахаар ажилласан. Өрлөг хийх анхандаа амаргүй байсан, шавраа тааруулахаас эхлээд загвар, хэмжээг нь нарийн гаргахад геометр хэрэг болно. Зүгээр л дээр дээрээс нь давхарлаж өрөөд байдаг ажил биш шүү дээ.
Тэмцээний хувьд ердийн нэг 12-ын хана өрөх биш. Тэнд урлагийн бүтээл хийх ёстой. “Монгол ур чадвар” тэмцээний эхнийхэд 2018 гэж Бразилийн модулийг хийсэн бол хоёр дахь шатанд Монголын газрын зураг, Алтай таван богдыг өрсөн.
Харин гурав дахь шатанд Абу Дабигийн гуравдугаар модуль шонхор шувуутай өрлөг хийж байлаа. Казанид чухам ямар даалгавар ирэх нь мэдэгдэхгүй байсан учраас бүх төрлийн модулийг туршиж бэлтгэсэн. Ганц давуу тал нь тоосгоны хэмжээ. Бидний хэрэглэдэг стандарт хэмжээтэй адил учраас арай амар. Өмнөх тэмцээнүүдэд тоосгоны хэмжээ өөр байсан” хэмээн хуучилсан.
Тэрбээр залуудаа сурсан нь дээр гэж боддог учраас тултал нь сураад дараа нь ажиллана даа гэж байна билээ. Тэмцээнээс ирээд дараагийн тэмцээнд орох хүүхдийг бэлтгэхэд тусална, угсралтын техникчийн хоёрдугаар курст сурдаг, өвөл төгсөх учраас завгүй л байна байх хэмээсэн Анх-Учрал сүүлийн гурван жил сургуулийнхаа Дадлагын байранд өнждөг байжээ.
Нийслэлийн 104 дүгээр сургууль төгсөөд МСҮТ-ийг сонгосондоо сэтгэл өндөр байдаг гээд “Манай ангийнхнаас мэргэжлийн боловсролыг сонгосон хүүхдүүд бий. Шууд дээд сургуульд орсон ч олон. Гэхдээ би тэднээс хоцроогүй харин ч илүү яваа. Дунд сургуулиа төгсчихсөн дээр нь мэргэжилтэй болж дэлхийд эх орноо төлөөлөх хэмжээний ур чадвар эзэмшлээ” гэхийг нь сонсоод илүү олон хүүхдэд түүний яриаг сонсгохсон хэмээн бодсон.
Тэр аав ээж дүүтэйгээ амьдардаг бөгөөд хувьдаа хоёр давхар байшин барих том төлөвлөгөөтэй. Тэр байшин хаанаас нь ч харсан дэлхийд өрсөлдсөн өрлөгчний бүтээл гэж харагдахаар хачин гоё байх юм хэмээн хэлсэн байна.