Цөмийн бөмбөгийг хар шуургатай тэмцэхэд ашиглах боломжийн талаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Үндэсний аюулгүй байдлын албан тушаалтнууддаа хэд хэдэн удаа хөндөж байсан гэж “Аксиос” хэвлэл мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлэлд үндэслэсэн гэсэн тус мэдээнд Д.Трампын саналыг сонссон мэргэжилтнүүд маш ихээр гайхсан гэдгийг дурджээ.
АНУ-ын Ерөнхийлөгч “хар шуурга Африкийн эргээс үүсдэг. Дараа нь Атлантикаар чиглэх үед нь бид өөдөөс нь бөмбөг хаявал хар шуурга сарнина. Яагаад бид үүнийг хийж болохгүй гэж” хэмээн хэлж байсан талаар ч энэ мэдээнд өгүүлжээ.
Д.Трамд энэ санаагаа засаг захиргааныхаа өндөр албан тушаалтнуудтай зөвлөлдөх үедээ ч мөн хөндөж байсан бөгөөд энэ асуудлаар Цагаан ордноос ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.
Хар шуурганы төвийг цөмийн бөмбөгөөр дэлбэлж, сарниулах санаа анх 1950-иад онд Ерөнхийлөгч Эйзенхауэрын үед гарч байсан аж. Гэхдээ энэ санааг төрийн нэгэн эрдэмтэн гаргаж байжээ.