Энэ жил нийслэлийн төрийн өмчит цэцэрлэгүүдэд хүмүүжихээр 2-5 насны 31.340 хүүхэд бүртгүүлжээ. Тэдний 18.800 нь цэцэрлэгт орж, үлдсэн 12.000 гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжгүй болсон байна.
Цэцэрлэгийн цахим бүртгэлд наймдугаар сарын 22-ны байдлаар 31.340 хүүхэд бүртгүүлсэн аж. Нийслэлийн Боловсролын газрын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ц.Жаргалантуул хэлэхдээ:
-Цэцэрлэггүй үлдсэн хүүхдүүдийн цэцэрлэгийн хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилгоор Төрийн бус өмчийн цэцэрлэгүүдэд дэмжлэг үзүүлж байгаа. Энэ оны гуравдугаар сард анхны төгсөлтийг аваад цэцэрлэгүүдэд зөвшөөрөл олгож, энэ сарын 10 хүртэл хүсэлт аваад 26 цэцэрлэгийн үйл ажиллагааг шалгасан. Удахгүй Засаг даргын захирамжаар батлагдана.
Төрийн бус өмчийн цэцэрлэгүүдийн тоо нэмэгдэж байгаа ч хүчин чадлаа гүйцэд ашиглаж чаддаггүй. Нийт хүүхдийн 10 орчим хувийг нь л цэцэрлэгт хамруулдаг. Тиймээс Нийслэлийн засаг даргын захирамжаар жилд 3087 хүүхдийг төрийн бус өмчийн цэцэрлэгт хамруулж байна. Эдгээр хүүхдүүд төрийн өмчийн цэцэрлэгтээ яг адилхан нөхцөлөөр сурна. Ингэхдээ тухайн цэцэрлэгт хувьсах зардал болон хоолны мөнгийг нь өгч байхаар шийдвэрлэсэн.
Мөн томоохон компани, төрийн байгууллагуудын дэргэд байгууллагын цэцэрлэг байгуулж, ажилчдынхаа хүүхдүүдийг сургаач гэсэн санал тавьсан. Үүний үр дүнд өнөөдрийн байдлаар байгууллагын дэргэдэх 13 цэцэрлэг ажиллаж байна. Тухайн цэцэрлэгүүд хамгийн ойрхон байрлах төрийн өмчийн цэцэрлэгийнхээ нэг бүлэг байдлаар ажиллаж байна.
Өөрөөр хэлбэл, байгууллага нь цэцэрлэгийн байраа гаргаж, ажиллах багш боловсон хүчин, үйл ажиллагаа нь яг төрийн цэцэрлэг шиг явж байна гэсэн үг. Өнөөдрийн байдлаар байгууллагын цэцэрлэгт нийт 1300 хүүхэд хамрагдаж байна. Энэ бүх нөөц бололцоогоо ашиглаад энэ жил цэцэрлэгийн элсэлтэд нийт хүүхдийн 84 хувийг нь хамруулах зорилт тавин ажиллаж байна гэжээ.