Бүгд Найрамдах Монгол Ард Улсын анхны баатар, хурандаа Шагдарын Гонгорын дурсгалд зориулсан гэрэлт хөшөөний нээлтийн ёслолын үйл ажиллагаа өнөөдөр Хэнтий аймгийн төвд боллоо.
Нээлтэнд Батлан Хамгаалахын дэд Т.Дуламдорж, Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба, Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, хурандаа Ө.Эрдэнэ-Очир, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат болон ахмад дайчин, Хэнтий аймгийн нутгийн ард иргэд оролцлоо.
Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба “Өнөөдөр Ардын журамт цэргийн ахмад Партизан Б.Пунцагийн хөшөөний дэргэд анхны баатрынхаа хөшөөг босголоо. Хэнтий аймаг бол Халх голын дайны ар тал, хангалтын үйлчилгээний томоохон бааз суурь байсан. Хүнс хоол төдийгүй, цэрэг зэвсгийн хүчээр хангаж, Халх голын дайнд томоохон үүрэг гүйцэтгэсэн ард бол Хэнтийчүүд. Манай аймагт 1937 онд барьсан анхны цэргийн зөвлөлийн байшин бий. Хэнтийчүүд маань Улсын анхны баатартай гэдгээрээ бахархдаг. Өнөөдөр бол Хэнтийчүүд төдийгүй нийт Монголчуудын түүхэн өдөр.” гэлээ.
Нутгийн иргэн, ахмад настан С.Шагдарсүрэн “Баатар Ш.Гонгор бол манай аавтай нэг гол усны хойно, урд өссөн улс. Ш.Гонгор гуай шагай, сур харвадаг мэргэн хүн байсан. Аварга Тосонгийн рашаанд манайхтай айл саахалт байлаа. Манайхаар орж гарч аавтай маань хууч хөөрдөг байсныг тод санаж байна. Би арваад настай л байсан. Тэрээр нутаг орондоо нэр хүндтэй хүн байсан. Аавд минь буу бэлэглэсэнд ихээхэн бэлгэшээж билээ” гэж хуучлав.
Баатар Ш.Гонгорын төрсөн дүүгийн хүү Л.Баатаржав
“Ахын маань хөшөөний нээлт болж байгаад сэтгэл өндөр байна. Хөшөө нь их төстэй болсон байна, холоос харахад улам адилхан харагдлаа. Гонгор ах ан их хийдэг, сур харвадаг хүн байсан. Гурван хүүхэдтэй байсан боловч цугаараа өөд болсон. Ач, зээ нар нь байдаг боловч хөшөөний нээлтэнд нь харагдсангүй. Ах маань хүний дайтай яваарай, үнэнч шударга яваарай гэж захидаг байсан” гэж хоолой зангируулан хэлэв.
Хөшөөний эх загварыг гаргаж, гардан ажилласан зураач, барималч Д.Батхуяг “Хүндэтгэлийн соёмбот тугийг салхинд хийсгэсэн нь баатрын бадрангуй, дайчин, гал цогтой, эрэмгий дүр төрхийг тодотгосон. Энэхүү хөшөөг сар гаруйн хугацаанд хийж гүйцэтгэсэн” гэв.
Шагдарын Гонгор нь Хэнтий аймгийн Баянхутаг сум буюу тухайн үеийн Идэрмэг сумын нутагт 1912 онд төрсөн.
Тэрээр 1933 оноос цэрэг, тасгийн захирагч, салаан захирагчийн туслахаар алба хааж, 1943-1944 онд ЗХУ-д М.Фрунзийн нэрэмжит цэргийн академид суралцаж төгссөн.
1936 оны I сарын 28-ны шөнө 6-р дивизийн харьяа Буландэрсний харуулаас зүүн хойшоо 7км-т орших Цагаан-Ухаа дээр гарч байсан манаанд салааны туслах дарга Ш.Гонгор хоёр цэргийн хамт үүрэг гүйцэтгэж байв. 21 цаг 40 минутын үед дайсны зэвсэгт арван морьтой хүн явгалан манаа руу давшин буудахад Гонгор нэг цэргийг холбоо, нөгөөгөөр нь морьдоо бариулж ганцаараа 2 цаг тулалдаж дайсны цэргийн заримыг устгаж, буу зэвсгийг нь олзлон авч, бусдыг нь хөөж гаргажээ.
1939 онд Халх голын тулалдаанд Хуягт бригад командлан оролцсон.
1943 онд “Хувсгалт Монгол” танкийн бригад, “Монгол Ард” эскадрилийг хүлээлгэн өгөх Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр явжээ.
1946 оноос цэргийн албанаас халагдан олон нийтийн байгууллагад ажилласан.
БНМАУ-ын Улсын баатар – Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн (УБХТ) 1936 оны I сарын 29-ний өдрийн 4-р тогтоолоор Цэргийн гавьяаны I зэргийн одон болон бусад медалиудаар шагнагдаж байжээ. Улсын баатар Ш.Гонгор нь 1992 онд 80 насандаа таалал төгсжээ. 2019.08.25.