Халх голын ялалтын 80 жилийн ойн баярын хүрээнд А.В.Александровын нэрэмжит ОХУ-ын зэвсэгт хүчний эрдмийн чуулга энэ сарын 27, 28-ны өдрүүдэд Монголд ирж тоглолтоо хийнэ.
Мөн наймдугаар сарын 28-ны өдөр ОХУ-ын Агаарын цэргийн нислэгийн үзүүлэх тоглолт Хүй долоон худагт болох аж. Уг үзүүлбэр нь наймдугаар сарын 28-ны өдөр 13:00-15:00 цагийн хооронд болох юм байна.
Энэ үеэр иргэдэд үйлчлэх нийтийн тээврийн үйлчилгээний талаар холбогдох албаныхан өнөөдөр мэдээлэл өглөө.
Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх “Аялал жуулчлаын гол улирал дуусаагүй байгаа энэ үед эдгээр арга хэмжээ болж байгаа нь Монголын аялал жуулчлалын салбарт маш сайн ач холбогдолтой гэж бид үзэж байна.
Тиймээс Нийслэлд байгаа бүх жуулчдыг энэ арга хэмжээг үзэхийг урьж байна.
Жуулчид энэ сарын 28-нд болох ОХУ-ын Агаарын цэргийн нислэгийн үзүүлэх тоглолтыг үзэхийг хүсвэл тус өдрийн 10:00 цагаас Д.Сүхбаатарын талбайн урд байрлах авто зогсоолоос “Сити тур” автобус Хүй долоон худаг руу хүргэх үйлчилгээг үзүүлнэ” гэлээ.
Мөн тус үзүүлбэрийг үзэх иргэдэд зориулж Офицеруудын ордон, Таван шар болон Төв цэнгэлдэхийн урдаас 10:20 цагт Нийтийн тээврийн автобус Хүй долоо худаг руу явах юм байна.
Өмнө нь Монгол Улсын нутаг дэвсгэрт Цэргийн нисэх хүчний үзүүлэх тоглолт огт болж байгаагүй
“Энэхүү үзүүлбэр нь наймдугаар сарын 28-ны өдөр 13:00-15:00 цагийн хооронд Хүй долоон худагт болох бөгөөд хүн бүрт нээлттэй.
Өмнө нь Монгол Улсын нутаг дэвсгэрт Цэргийн нисэх хүчний үзүүлэх тоглолт огт болж байгаагүй учраас олон хүн очих байх гэж бодож байна.
Тухайн үзүүлбэр 40 минутаас нэг цаг орчмын хугацаанд үргэлжлэх бөгөөд нисэх цаг болтол иргэдийг уйдаахгүйн үүднээс Хүй долоон худагт 12:00 цагаас “Бэсрэг наадам” зохион байгуулахаар төлөвлөсөн” гэж Нийслэлийн ЗДТГ-ын цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар мэдээллээ.