УИХ-ын ээлжит бус чуулганыг долдугаар сарын 5-нд нээж, есдүгээр сарын 1-нд хаахаар төлөвлөсөн. Хэдийгээр ээлжит бус чуулганаар 14 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн ч Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслөөс өөр зүйлийг хэлэлцээгүй гэхэд болно.
Монгол Улсын Ерөнхийлөгч санал ирүүлснээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн зөвшилцөх болон бусад ажлын хэсэг тасралтгүй ажилласан билээ. Тэгвэл өнгөрсөн Баасан гаригт Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн, зөвшилцлийн болон бусад ажлын хэсгээс ирүүлсэн саналуудыг хэлэлцсэн юм.
Хуваарийн дагуу УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2019.08.26/ хуралдаж, зөвшилцөх зарим нэг санал болон бусад саналуудыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Үүний дараа байнгын хороо үргэлжлүүлэн хуралдахаар товложээ. Мөн энэ долоо хоногтоо багтаан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг ээлжит бус чуулган дуусахаас өмнө багтаахаар төлөвлөсөн байна.
Хэрэв ээлжит бус чуулганаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж амжихгүй бол чуулганыг 10 хоногоор сунгаж магадгүй гэнэ. Өөрөөр хэлбэл, есдүгээр сарын 1-нд хаалтаа хийх ээлжит бус чуулганыг дахин 10 хоногоор буюу есдүгээр сарын 10-ныг хүртэл сунгахаар төлөвлөөд байгаа гэдгийг УИХ-ын Тамгын газраас мэдээллээ.