Азийн төлөөх Боао форумын Бага хурал Улаанбаатар хотод энэ сарын 19-21-ний өдрүүдэд болно. Үүнтэй холбогдуулан ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дэд захирал Т.Батцэцэгээс тодруулга авлаа.
– Боао форумын бага хурал анх удаа Улаанбаатар хотноо болох гэж байна. Энэ хэд дэх удаагийн форум бэ?
– Давосын дэлхийн эдийн засгийн форумын жишгээр Азийн эдийн засаг, хөгжлийн асуудлыг хэлэлцэх форум байгуулах санаачилгыг 1990-ээд оны сүүлээс Азийн нөлөө бүхий улс төрчид дэвшүүлсэн. Манай улс зэрэг Азийн 26 орон уг санаачилгыг дэмжсэнээр Азийн төлөөх Боао форум 2001 онд байгуулагдсан. 2002 оноос хойш жил бүр зохиогдож буй Форумын жилийн уулзалтуудад манай төр, засгийн удирдлага тогтмол идэвхтэй оролцож ирлээ. Хамгийн сүүлд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны жилийн уулзалтад оролцож үг хэлсэн.
Азийн эдийн засгийн асуудлаар төр, засгийн албаны хүмүүс, эрдэмтэн судлаачид, бизнес эрхлэгчдийн түвшинд санал бодлоо чөлөөтэй солилцдог энэ форумын уулзалтыг Монголд зохион байгуулах санаачлагыг Гадаад харилцааны яамны зүгээс дэмжиж, энэ сарын 19-21-нд зохион байгуулахаар холбогдох байгууллагуудтай хамтран бэлтгэл хангаж байна.
– Энэ жилийн форумаар онцолж ямар сэдвийг тойрон ярилцах бол?
– Боао форум нь Ази тивийн эдийн засгийн асуудлыг голлон хэлэлцдэгийг манай уншигчид мэдэж байгаа. Гэхдээ өнөөгийн нөхцөлд улс төр, аюулгүй байдал, байгаль орчин зэрэг бусад чиглэлийн асуудлууд ч эдийн засгийн хөгжилд нөлөөлөх болсон тул эдийн засаг болон холбогдох асуудлыг цогц байдлаар хэлэлцэнэ. Энэ удаагийн Бага хурал “Шинэ эрин үе дэх хамтын ажиллагааны төлөөх уялдаатай үйл ажиллагаа” гэсэн ерөнхий сэдвийн дор болно.
– Энэ удаагийн форумын зохион байгуулагч орноор манай улсыг яагаад сонгов, манайд болж байгаагаараа ямар ач холбогдолтой вэ?
– Боао форумын төв БНХАУ-ын Хайнань мужийн Боао хотод байрладаг. Жилийн уулзалт зэрэг гол арга хэмжээнүүд нь Боаод болдог. Гэхдээ сүүлийн жилүүдэд үйл ажиллагааны хэлбэр, хүрээ нь тэлж буйтай холбоотойгоор Азийн орнууд төдийгүй бусад оронд арга хэмжээ зохион байгуулдаг болж байгаа юм байна лээ. Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд форумын арга хэмжээг манай улсад зохион байгуулах санаачлага гаргасныг ГХЯ-ны зүгээс дэмжиж, Монголын бизнесийн зөвлөл, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Хөрөнгө оруулалтын судалгааны төв, Монголын хөгжлийн стратегийн институт, Далайд гарцгүй орнуудын судалгааны төв зэрэг байгуулагатай хамтран зохион байгуулж байна.
Бага хурлын үеэр Ази тивийн орнуудын эдийн засгийн хөгжилтэй холбоотой өргөн хүрээний асуудлыг хэлэлцэхийн зэрэгцээ манай улсын хөрөнгө оруулалтын орчин, эдийн засгийн цаашдын төлөв зэрэг асуудлыг хэлэлцэх тусгайлан хэлэлцүүлэг хийж, Гадаад харилцааны яам, Сангийн яам, Үндэсний хөгжлийн газрын удирдлага Монгол дахь бизнесийн боломж орчин нөхцлийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийж оролцоно. Манай бизнес эрхлэгчид гадаадын оролцогчидтой шууд хэлхээ холбоо тогтоох бизнесийн уулзалтууд бас болно. Дүгнээд хэлбэл Монгол Улсыг гадаадад сурталчлан танилцуулах томоохон боломж юм.
– Гадаадаас ямар хэмжээний төлөөлөгчид ирж оролцох вэ? Урьдчилсан байдлаар хэлэх боломжтой болов уу?
– Эдүгээ Боао форумын даргаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүүн гуай сонгогдон ажиллаж байгаа. Тэрээр Боао форумын төлөөлөгчдийг ахлан оролцоно. Мөн НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Салсия Алишахбана Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар анх удаа манай улсад айлчилна. Энэ айлчлалын хүрээнд Боао форумын хуралд оролцож, илтгэл тавина. Өндөр түвшний албаны хүмүүсээс гадна олон орны бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч, эрдэмтэн судлаач зэрэг 300 гаруй хүн оролцохоо нотлоод байна.
– Улаанбаатарт болох БОАО форумын талаар танилцуулж ярилцлага өгсөнд баярлалаа
Эх сурвалж: ГХЯ