“Монгол Экологи” төвөөс Ховд аймгийн Хар ус нуур орчмын болон Мөнххайрхан сумын улсын тусгай хамгаалалттай газрын 15 байгаль хамгаалагчид туулах чадвар сайтай, тус бүр 9,0 сая төгрөгийн үнэ бүхий мотоцикл олгов.
“Монгол Экологи” төв нь Монгол Улсын тусгай хамгаалалттай газрын менежментийг сайжруулах, олон улсын стандартыг нэвтрүүлэх зорилгоор 2010 онд байгуулагдаж, 2011 оноос Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт үйл ажиллагаа явуулж эхэлсэн.
Улмаар 2014 оноос хойш олон улсын байгууллагын хандив, тусламж дэмжлэгээр улсын тусгай хамгаалалттай газарт ажиллаж буй байгаль хамгаалагч нарыг дэмжих, тэдний ажиллах нөхцөлийг сайжруулах зорилтын хүрээнд мотоцикл олгох аян өрнүүлж эхэлжээ.
Жил бүр зохион байгуулдаг энэхүү аяныг өнгөрсөн онд Бүгд Найрамдах Аргентин Улсад зохион байгуулж, тус улсын 10 байгаль хамгаалагчид туулах чадвар сайтай, Японы “Yamaha” фирмийн мотоцикл гардуулан өгчээ.
Тэгвэл энэ онд “RALLY FOR RENJERS” хөтөлбөр хэрэгжүүлснээр Хөвсгөлөөс Ховд аймаг чиглэлд 1580 км замыг Монгол, Өмнөд Америк, Австрали, АНУ-ын 15 иргэн мотоциклоор туулсан юм. Тэдний хамгийн ахмад нь 78 настай эрэгтэй, 65 настай эмэгтэй байв. Тэд унаж ирсэн мотоциклоо орон нутгийн улсын тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагч нарт гардуулан өгч, ажлын амжилт хүслээ.
Хөдөө орон нутаг, тэр дундаа улсын тусгай хамгаалалттай газарт байгаль орчны салбарын холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх замаар хууль бус ан агнууртай тэмцэх, зөрчил дутагдлыг илрүүлэхэд байгаль хамгаалагч нарын үүрэг, оролцоо чухал.
Байгаль хамгаалагчид сүрлэг өндөр уул, өргөн их говь, гол ус, бартаат газарт ажил үүргээ гүйцэтгэдэг учраас туулах чадвар сайтай унаа зайлшгүй хэрэгцээтэй аж.