Амазоны ширэнгэн ойд гарсан их хэмжээний ой хээрийн түймэртэй тэмцэхэд манай Засгийн газрын нөөц бололцоо хүрэлцэхгүй байна гэж Бразилын Ерөнхийлөгч Жаир Болсонару мэдэгджээ.
Уг түймрийг төрийн бус байгууллагууд эхлүүлсэн гэж тэрбээр дахин дурдсан боловч үүнийг нотлох баримт байхгүй гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Мөн тэрбээр, түймэр юунаас болж гарсан, хэн тавьсан болохыг тогтоохоор Засгийн газраас мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлсэн гэж мэдэгдэв.
Байгаль хамгаалагчид өмнө нь уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх уулзалтын үеэр Бразилын Байгаль орчны сайд Рикардо Саллесийн яриаг тасалдуулж, Амазоны ширэнгэн ойд дэгдсэн түймэрт Бразилын Засгийн газрыг буруутгасан байна. Үүний зэрэгцээ ой мод сүйтгэж буй мод бэлтгэгч болон тариаланчдыг Ерөнхийлөгч Жаир Болсонару дэмжиж байгааг байгаль хамгаалагчид шүүмжилсээр байгаа юм.
Энэ онд Амазоны ширэнгэн ойд дэгдсэн ой хээрийн түймрийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 83 хувиар өссөн болохыг Сансар судлалын үндэсний хүрээлэнгээс /Inpe/ мэдээлсэн байна.