Батлан хамгаалахад туслах нийгэмлэг (БХТН)-ийн 90 жилийн ой өнөө жил тохиож буй. Цагтаа эл нийгэмлэгийн төв байр түм түжигнэж, бум бужигнасан олон хөлийн газар байв. Хүүхэд, залуусын бие бялдрыг хөгжүүлж, спортод дөртэй болгох гол төв учир 21 аймгаас охид, хөвгүүд энэ газрыг зорин суралцдаг байсан.
Буудлага, авто болон мото, шүхэр, радио, морин спортыг хөгжүүлэх гол суурь бааз энд зангидагдаж байсан тухай ахмад ажилтнууд нь ярив. Энэ газарт техник спортын хотхон байгуулахаар төлөвлөж, үе үеийн удирдлага нь бүх талын материаллаг баазыг бэхжүүлэн, техник, хэрэгслийг нэмж, өргөжүүлсээр иржээ. Өөрөөр хэлбэл, 1929 онд байгуулсан тус нийгэмлэгт социалист улс орнууд ихээхэн хандив тусламж үзүүлсэн гэх. Тухайлбал, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, дэслэгч генерал Ж.Жамъянгийн хүсэлтээр, ЗХУ-ын БХТН буюу “ДОСААФ”-ын дарга А.И.Покрышкины (ЗХУ-ын гурван удаагийн баатар, дайсны 52 онгоцыг буудаж унагаасан) сэтгэл зүтгэлээр орос цэргүүд Авто жолоодлогын төв байгуулж өгчээ. Улмаар Зүүн Германы тусламжтайгаар Буудлагын төв, унгарчуудын дэмжлэгээр радио спортыг хөгжүүлэх төвтэй болсон түүхтэй. Мөн Чехийн ард түмний тусламжаар мото спортын төвийн техникийг бэхжүүлсэн байна. ЗХУ-аас эдгээр газарт хэрэглэх техникийг бэлэглэжээ. Үүнээс гадна Жаргалантын Сангийн аж ахуйн Морин заводоос сайн угсааны морьд авч сургалтад ашигладаг байсан гэнэ. Өсгөж олшруулсан хүлгийн тоо толгой олон болж, одоогийн Морин спортын холбооны суурийг тавих эхлэл болжээ. БХТН-ийн дээрх морьд 1980-1990-ээд онд улсын наадмын олон түрүү авч, дуу шүлэгт мөнхөрснийг дурсах хүнтэй цөөнгүй таарав. Одоо эдгээр морин сүрэг үгүй болсон. Мөн БХТН нь 21 аймагт салбартай, далайцтай үйл ажиллагаа явуулдаг хүчирхэг байгууллага байсан аж. Товчхондоо энэ газарт сурагч, оюутан залуусыг сургаж, эх оронч хүмүүжил, текникийн мэдлэг олгож, дараа нь цэрэгт татдаг байж. Улс, тив, дэлхийд алдраа түгээсэн олон тамирчин эндээс төржээ.
Одоо ч эл газар бум бужигнаж, түм түжигнэсэн хэвээрээ. Гэхдээ энд спортыг хөгжүүлэх нэг ч үйл ажиллагаа явуулалгүй олон жил болж буй. БХТН-ийн нэгдүгээр давхрыг тэг чигт нь хиамны үйлдвэрүүд эзэгнэжээ. Мөн тавилгын болон нарийн боовны цех үйл ажиллагаа явуулж байлаа. Бас хүнсний түгээлтийн агуулах хэлбэрээр ашигладаг аж ахуйн нэгжүүд ч байсан. Хоёрдугаар давхарт махны үйлдвэрийн оффис, “Цагаан амьдрал” ТББ, Замын хөдөлгөөний хүрээлэнгийнхэн байрлажээ. Гуравдугаар давхарт нь тус нийгэмлэгийн өнөөгийн удирдлага Д.Дашзэвэгийн дүүгийн чага мөөгний үйлдвэр, бусад түрээслэгч нар бий. Цагтаа энэ хотын хамгийн өнгө үзэмжтэй, чанартай барилгын нэгд зүй ёсоор тооцогддог байсан эл газар өдгөө гундаж, балгаснаас дутахааргүй хуучирчээ. Өөрөөр хэлбэл, БХТН-ийн үндсэн үйл ажиллагаа алдагдсаныг ажилтнууд нь баталж байна. Энэ бүх завхралын эхлэл 2010 онд тавигдсан гэх. БХТН-ийн Улаанбаатар хот дахь зөвлөлийн дарга Д.Батбаяр энэ талаар “2010 оны хоёрдугаар сарын 5-нд нийгэмлэгийн VIII их хурал болсон юм. Энэ хурлаар баталсан дүрэм, журамд зорилгоосоо хазайсан, эрс тэс өөр агуулгатай олон зүйл заалт оруулсан байсан.
Тухайлбал, БХТН-ийн удирдлага нь байгууллагын хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй гэж тусгасан. Эл дүрэм Төрийн бус байгууллагын тухай хуулийн олон зүйл заалтыг зөрчдөг. Өөрийн эрх ашигт нийцүүлэн дүрэм зохиож, түүнийгээ удирдах зөвлөлийн гэх цөөн хүнээр батлуулсан. Д.Дашзэвэг дарга БХТН-ийн маш олон эд хөрөнгийг үгүй хийж, хувьдаа завшсан. Үүнийг нь хэлсэн хүмүүсийг ажлаас халдаг. Тиймээс би ажил амьдрал, нэр хүнд бүх зүйлээрээ дэнчин тавьж энэ хүнтэй тэмцэхээр шийдсэн” гэлээ. Тус нийгэмлэгийн ажилтнуудын хэлж буйгаар дарга Д.Дашзэвэг нь мото спортын төвийн агуулах байсан газрыг зарж, хувьдаа жийп машин авсан гэнэ. Түүгээр барахгүй радио клубийн өргөтгөлийн газрыг завшсан, авто дромын талбайг бусдад өгч, орон сууц бариулсан гэх мэдээлэл байна. Авто дромын талбай 2003 онд 2.5 тэрбум төгрөгөөр үнэлэгдэж байжээ. Эл газрыг хэзээ, хэдэн төгрөгөөр хэнд өгсөн нь тодорхойгүй гэх юм. Уг талбайд 540 айлын орон сууц болох “Дэлгэрэх” хотхоныг барьсан. Тухайн үедээ ахмад ажилтнуудад 11 байрыг 50 хувийн хөнгөлөлттэй өгсөн хэмээн мэдээлж байж.
БХТН-ийн төв байрны эргэн тойрны газрыг заржээ, өнөөгийн байдал. 2019.08.22
Үнэн хэрэгтээ 87 байр авсныг албан хаагчид нь саяхан мэджээ. Өдгөө нэмж 108 айлын орон сууцыг нийгэмлэгийн төв байрны хашаа руу оруулан барьж буй. Энэ бүх булхайг хийхэд Архангай аймгийн Цэнхэр сумын гаралтай, нийслэлийн Газрын албаны дарга асан Э.Болорчулуун оролцсон гэж хэлэх хүмүүс ч байна. Учир нь Д.Дашзэвэг Э.Болорчулуун нар нэг нутгийн, тэр дундаа хуурай ах дүүс гэнэ. БХТН-ийн өмч хөрөнгийг шамшигдуулсан гэх хэрэг үүгээр дууссангүй. Нийгэмлэгийн харьяа дулаан гарааш дөрөв байдгаас нэгийг нь мөн л төрсөн дүү улсын начин Д.Дашцэрэнд хууль бусаар шилжүүлсэн бололтой. Ингэхдээ Д.Дашцэрэнгээс бага хэмжээний мөнгө авч, байгууллагадаа зээлж, өрөндөө дээрх объектыг өгсөн аж. Мөн Д.Дашзэвэг 2012 онд хүргэн н.Оргилын “Хаган палас” гэх компаниас 80 сая төгрөг зээлж нийгэмлэгт засвар хийсэн гэнэ.
Ингэхдээ жилийн дараа 33 саяыг нь буцааж төлсөн аж. Улмаар боломж байсаар байтал мөнгийг нь төлөхгүй удаасаар өдгөө байгууллагаа 206 сая төгрөгийн өрөнд оруулсан гэх зэргээр түүний тарьсан балгийг ажилтнууд нь хэлсэн. БХТН дөрвөн гарааштай гэж дээр дурдсан. Үүний хамгийн томыг нь хүргэн н.Оргилдоо үнэгүй ашиглуулдаг юм байна. Тус дулаан гараашийг түрээслүүлсэн орлогоос БХТН-ийн санхүүд нэг ч төгрөг ордоггүй гэнэ. 2012 оноос хойших түрээсийн мөнгийг тооцох юм бол хамгийн багадаа 91 сая төгрөг төвлөрөх байсан гэдгийг тус байгууллагын санхүүч хэлсэн. Энэ мэтээр маш их ашиг орлоготой байж болох БХТН сүүлийн хоёр жил байгууллагынхаа дулаан болон цахилгааны төлбөрийг төлөлгүй их хэмжээний өр хуримтлагджээ.
БХТН дэргэдээ дотуур байртай. 21 аймгаас ирсэн тамирчин түр байрладаг эл байрыг ч өөрийн танилууддаа хувьчилжээ. Мөн Завхан, Баян-Өлгий, Хэнтий, Өмнөговь аймаг дахь салбарын газар болон бусад өмч хөрөнгийг ч үрж шамшигдуулсан гэх мэдээлэл, гомдол тасралтгүй ирсээр байгаа сурагтай.
Д.Дашзэвэг дарга ийнхүү байгууллагынхаа хөрөнгийг шамшигдуулахаас гадна ахмадуудыг гомдоож, залуусыг хавчиж байна. Өдгөө БХТН-т техникийн талын нэг ч спортыг хөгжүүлэхгүй, зогсонги байдалд оржээ. Тэрбээр энэ бүхнийг эсэргүүцсэн Техникийн спортын төвийн дарга, Гавьяат дасгалжуулагч Б.Алтанцэцэг, ерөнхий нягтлан Ж.Ариунаа, ахмад ажилтан Д.Төртогтох зэрэг цөөнгүй хүнийг ажлаас нь халжээ. Өөрөөр хэлбэл, түүний бусармаг үйлдлийг дэмжээгүй залуус, олон улсад нэртэй дасгалжуулагч нар ажилгүй болсон байна. Д.Дашзэвэг ажлаа олон хоногоор удаа дараа тасалж, хариуцлагагүй хандсаны уршгаар Техникийн спортын төвийг улсын мэдэлд авчээ. Тухайн үед зарим ажилтан нь “Улсын мэдэлд очлоо, одоо л техникийн спорт хөгжих нь” хэмээн баярласан гэдэг. Гэтэл шинэ эзэмшигчид нь зөвхөн буудлага, биатлоныг хөгжүүлнэ хэмээн шүхэр, мото болон авто спортынхныг нүд үзүүрлэж гудамжинд гаргажээ. Үүний улмаас шүхэр, радио, мотоцикл, авто машин, морин уралдааны спортынхон хөсөр хаягдсан байна. Тиймээс шүхрийн спортынхон Д.Дашзэвэгт бичгээр хүсэлт гаргаж, БХТН-ийн байранд хичээлийн танхим гаргаж өгөхийг хүсжээ. Харамсалтай нь, тэднийг хүлээж аваагүй байна. Д.Дашзэвэгийг 2015 онд АТГ-аас байгууллагынхаа хөрөнгийг шамшигдуулсан хэргээр шалгаж байсан. Гэвч хэргийг тодорхойгүй шалтгаанаар хаасан гэнэ. Одоо Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн түүнийг шалгаж буй.
Тус нийгэмлэгийн ахмад болон залуу үеийн төлөөлөл нэгдэж, БХТН-ийн үндсэн зорилго эрх ашгийг хамгаалах түр ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсэг Д.Дашзэвэгийг огцрох ёстой хэмээн үзэж буй. Тиймээс БХТН-т ажил амьдралаа зориулсан ахмадууд, залуу үе, өмнө нь ажиллаж байсан дасгалжуулагч, тамирчин, сонирхогч, нийгэмлэгийн нэр дээр дотоод болон гадаадын сургуульд сурч байсан төгсөгч гээд нийгэмлэгт хамааралтай бүх хүнийг нэгдэхийг уриалсан юм. Мөн тус ажлын хэсгийн төлөөлөл “БХТН нь 1929 онд байгуулагдсан цагаасаа эхлэн хөгжлийнхөө эхний 70 жилд маш олон бүтээн байгуулалт хийсэн. Байгууллагыг бэхжүүлэх ажлаа өмнөх удирдлага бүрэн дүүрэн биелүүлсэн. Улс эх орондоо нэн чухал хэрэгтэй тамирчин, мэргэжилтнүүдийг бэлтгэхийн тулд үл хөдлөх хөрөнгө болон шаардлагатай бүх материаллаг баазыг өргөжүүлж ирснийг бид гэрчилнэ. Харин сүүлд томилогдсон удирдлага энэ бүхнийг үрэн таран хийчихлээ” гэсэн юм.
1999 онд БХТН-ийн ээлжит их хурал болж, дараагийн удирдлага сонгох сонгуулиар Д.Дашзэвэг нь хууль бусаар сонгогдсон гэж хэлэх хүмүүс ч байна. Тэрбээр сүүлийн 20 жил эл байгууллагыг удирдаж буй. 1981 онд Д.Дашзэвэг байгууллагынхаа нэрээр ЗХУ-ын Ленинград хотын биеийн тамирын дээд сургуулийг төгссөн. Гавьяат дасгалжуулагч, хурандаа цолтой. Гэвч хүмүүс түүнийг ганц ч тамирчин дасгалжуулаагүй, улсын батлан хамгаалах үйлсэд дорвитой нэг ч ажил хийгээгүй хэмээж байв. Түүгээр ч зогсохгүй, “Архины хамааралтай, 7-30 хоногоор ажлаа байнга тасалдаг. Ажлын өрөө болон гараашид үргэлж согтуу хэвтэж байдаг” хэмээсэн.
БХТН-т ажиллаж байсан үе үеийн удирдлага, одоо ажиллаж буй хүмүүс Д.Дашзэвэгт хандаж, ажилдаа ирэхийг, өнгөрсөн хугацаанд юу хийж бүтээснээ тайлагнахыг удаа дараа шаардсан ч тусыг эс олсон байна. Өнгөрсөн долоо хоногт уулзах хүсэлт тавиад ч ирээгүй байна. Үүнд бухимдсан ахмадууд түүнийг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ.
Эх сурвалж: Unuudur.mn
1 comment
Увс хүний араншин