Хуульчид өнөөдөр зангиатай жагсаал хийх зар гаргаад байсан ч хойшилжээ. Энэ тухай Монголын Хуульчдын Нийгэмлэг ТББ дараах мэдэгдлийг гаргасан байна.
Мэдэгдэлд:
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хэлэлцэж буйтай холбогдуулж Монголын Хуульчдын Нийгэмлэг ТББ-аас ард иргэд, олон нийтэд Үндсэн хуулийн ач холбогдлыг ойлгуулан таниулах, оролцоог нэмэгдүүлэх, анхаарлыг хандуулах зорилгоор 2019 оны 8 дугаар сарын 21-ний Лхагва гарагт хуульчдын цуглаан хийхээр төлөвлөж байсан билээ.
Улсын Их Хурлын нэр бүхий 62 гишүүний өргөн барьсан төслийн хажуугаар 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч мөн өөрийн төслийг өргөн барьсан ба хэд хэдэн ажлын хэсэг дахин томилогдож Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн боловсруулалт дээр дахин ажиллаж байна.
Дээрх итгэл үнэмшлийнхээ дагуу хуульчид бид мэргэжлийн, соёлтой, ямар нэг талыг буруутгах, чанга дуу хоолойгоор олны анхаарлыг татах зорилгоор бус гагцхүү Үндсэн хуулийн суурь зарчмуудыг эрхэмлэх, ард иргэдэд ойлгуулан таниулах зорилгоор хуульчдын талбай дээр цугларах, Үндсэн хууль, шүүхийн хараат бус байдлыг таниулан ойлгуулах зорилгоор цуглаан зохион байгуулахаар төлөвлөж байсан.
Харамсалтай нь Чингэлтэй дүүргийн засаг даргын тамгын газраас “Хуульчдын зангиатай цуглаан”-ыг бүртгэхээс татгалзсан.
Итгэмжлэгдсэн төлөөлөгч томилоогүй гэсэн үндэслэлээр. Үндсэн хуулиар үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх нь хүний жам ёсны эрх бөгөөд төрөөс иргэний эрхээ эдлэх боломжийг хязгаарлахгүй хэмээн заасан. Хуульчид бид ямар ч техник, тоног төхөөрөмж ашиглахгүй зөвхөн мэргэжлийн ажил хэрэгч хувцаслан цугларч, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд ард иргэдийн анхаарлыг хандуулах, шүүх эрх мэдлийн хараат бус байдлын ач холбогдлыг ойлгуулах зорилготой байсан.
Төрийн байгууллагын шийдвэртэй холбогдуулж Монголын Хуульчдын Нийгэмлэгээс хуульчдын цуглааныг 9 дүгээр сарын эхээр зохион байгуулахаар түр хойшлуулах шийдвэр гаргалаа.
Хэдийгээр бид жагсаагүй ч, бидэнд жагсаахыг хориглосон ч Хуульчид бид зорилгоо дахин сануулъя. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хараат бус шүүхийг бэхжүүлэх, шүүгч нар ямар ч улс төрч, гүйцэтгэх эрх мэдэл, хууль тогтоох эрх мэдлээс хараат бус байхын төлөө цаг ямагт баттай зогсох бөгөөд хуульч, эрх зүйчид бид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн явцыг анхааралтай ажиглаж, ард иргэд, олон нийтэд мэргэжлийн байр сууриас эрх зүйн үр дагаврын талаар ойлгуулж таниулж, сонордуулж байх болно.
Монголын Хуульчдын Нийгэмлэг ТББ