Кока-Кола бол дэлхий дахинаа хамгийн өргөн тархсан, хамгийн их танигдсан ундаа билээ. Энэ лонхтой ундаа өдгөө дэлхийн өнцөг булан бүрт зарагдаж байна. Компанийн сайт дээрээс харахад The Coca-Cola Company дэлхийн ундааны хамгийн том үйлдвэрлэгч бөгөөд 200 гаруй улсын зах зээл дээр гарсан, өдөр бүр 1,9 тэрбум ширхэг бүтээгдэхүүнээ борлуулдаг болсон гэжээ.
Үнэхээр ч орчин цагийн даяаршлын хамгийн тод жишээ бол Coca-Cola компани юм. Дэлхий даяар 100 мянга гаруй ажилтантай, түүхэн дэх хамгийн амжилттай яваа фирмүүдийн нэг гээд тооцвол амжилт өчнөөн. Гэхдээ компанийн түүхэнд эмгэнэлтэй гэмээр хуудас олон байдаг аж.
Жон Пембертон гэж хэн бэ?
Энэхүү алдарт ундааг Жон Пембертон хэмээх иргэний дайнд холбоотнуудын талд тулалдаж явсан нэгэн эмийн санч бүтээжээ. 1865 оны дөрөвдүгээр сард Пембертон Коламбусын төлөөх тулаанд оролцож, цээжиндээ сэлэмний хүнд шарх авсан байна. Ингээд өвчин намдаах зорилгоор морфин удаан хугацаанд хэрэглэснээс болж морфины хамааралтай болжээ.
Пембертон эм зүйчийнхээ мэдлэгийг ашиглан морфинизмаас салах эм бүтээхээр янз бүрийн ургамлуудыг туршиж үзсэн байна. Тэр дунд нь кока байжээ. 1866 онд буюу Колумбусын тулаанаас нэг жилийн дараа тэрбээр “Pemberton’s French Wine Coca” хэмээх нэртэй архи зохион бүтээж, “Eagle Drug & Chemical House” эмийн сандаа үйлдвэрлэж эхэлсэн байна. Энэ архиа өвчин намдаах, сэтгэл гутралаас ангижруулах эм гэж сурталчлан удалгүй олон нийт дуртайяа хэрэглэдэг болжээ. Гэтэл яг тэр онд Атлантын орчимд хуурай хууль батлагдаж, архи зарах, худалдахыг хориглосон аж. Пембертоны үйлдвэрлэлийн хувьд энэ нь том цохилт байсан тул алдарт коктейлоо градусгүй ундаа болохоор шийджээ.
Ингээд эртний анд Уиллис Венаболын тусламжтайгаар жороо сайжруулан “Coca-Cola” компаниа байгуулсан байна. Эхэндээ тэд ундаагаа усан эм маягаар зарах гэж байсан боловч санаатайгаар өнөөх сиропоо хийжүүлсэн ундаатай холиод худалдан авагчдадаа сэргээгч ундаа гэж зарахаар болжээ. Пембертон энэ л өдөр кока-кола нь “үндэсний хэмжээний ундаа” болно гэж зөгнөж басйан ч эхний үед тийм ч эрэлттэй байсангүй. Ингээд жороо Атлантын нэгэн танилдаа зарж орхижээ. Хамгийн харамсалтай нь энэ ундаа түүнийг морфины хамаарлаас нь эмчилж чадаагүй тул биеийн байдал нь эрс муудаж байв. Морфин маш үнэтэй. Тиймээс Пембертон бүх мөнгөө хорт зуршилдаа зарцуулж байсан гэхэд болно.
Ингээд тэрээр 1888 онд эдгэршгүй өвчтэй, нэн ядуу хэвээр ходоодны хорт хавдраар өөд болсон юм. Пембертон компанийнхаа ихэнх хувийг хүү Чарльздаа үлдээсэн гэдэг. Гэвч хүү Чарльз нь мөн л морфины хамааралтай байсан тул “Coca-Cola”-гийнхаа бүх хувьцааг заржээ. Тэрбээр аавынхаа бүтээсэн ундааг алдар нэртэй болохыг ч харж амжилгүй, эцгээсээ зургаан жилийн дараа өөд болсон гэдэг.
Эх сурвалж: lifter.com.ua