УИХ-ын чуулганы хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Энэ үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Ж.Батзандан өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр дөрөв хоногийн завсарлага авлаа.
Завсарлага авсан шалтгаанаа Ж.Батзандан гишүүн “Энэ хуулийн төсөл хоёр парламент дамжиж хэлэлцэгдэж байгаа. Яг одоогийн байдлаар Засгийн газраас орж ирсэн төсөл нэлээд өөрчлөгдөж, ажлын хэсэг олон асуудалд маргаж байгаа. Ойлгомжгүй зүйлүүд ч байна.
Тухайлбал, хэргийг гурван шатны шүүхээс хэрэг бүртгэл мөрдөн байцаалтад буцаана гэдэг саналыг ажлыг хэсэг оруулж ирсэн. Үүнийг Ардчилсан намын бүлэг ухралт гэж харж байна. Хүний эрхийг дордуулсан заалт оруулж ирж байна. Шүүгдэгч, яллагдагчийн эрх дордох болсон. Эрүүгийн эрх зүйн болоод онолын талаасаа ч тэр ухралт болж байна.
Мөн Мөрдөн шалгах ажиллагааны зардлыг хэн төлөх вэ гэдэг дээр тодорхой зохицуулалтууд орж ирээгүй байна. Ажлын хэсэг үзлэг нэгжлэгийг зөвхөн прокурорын зөвшөөрлөөр хийнэ гэсэн заалт оруулж ирсэн. Эрүүгийн хэрэг мөрдөн шалгах урьдчилан хэлэлцүүлэг, баривчлах хугацаа, мөрдөн шалгах ажиллагааны зардал зэрэг олон асуудал дээр үл ойлголцол үүссэн байгаа хэмээн мэдэгдсэн байна.