Төрийн ордонд хуралдаж байгаа Улсын Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан дээр Авто зам болон агаарын тээврийн өвөлжилтийн бэлтгэл ажлын хангалт, төлөвлөлтийн талаар Зам тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар танилцууллаа.
Тэрбээр “2019 онд авто замын салбарт нийт 133 төсөл хэрэгжиж байгаа нь өнөөдрийн байдлаар 60.5 хувьтай байна.
Замуудын засварын ажилд цаг агаар нэлээд сөрөг нөлөө үзүүлж, ажлын явцыг удаашруулж байна.
Гэхдээ бид замын засварын 65 хувиас дээш явж байгааг нь арваннэгдүгээр сарын 15 гэхэд дуусгах төлөвлөгөөтэй байна.
Агаарын тээврийн хувьд өвөлжилтийн бэлтгэл хангахад ямар нэг хүндрэлгүй байна.
Мөн агаарын болон авто тээврийн хувьд өнгөрсөн жилүүдэд цаг агаараас болж саатсан. Харин өвлийн бэлтгэлээ тааруу хангасны улмаас гарсан саатал байхгүй.
Ирэх сараас эхлэн “Өвөлд бэлэн үү” аяныг зохион байгуулан орон нутгийн чиглэлд үйлчилж байгаа нийтийн тээврүүдэд зохих шаардлагыг тавина.
Өвлийн бэлтгэл ажил зам тээврийн хөгжлийн яамны хэмжээнд 34.28 хувийн биелэлттэй байна. Энэ эрчээрээ явбал бид арваннэгдүгээр сарын 20 гэхэд өвлийн бэлтгэл ажлаа бүрэн хангаж дуусна.
Энэ жил Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын засвартай холбогдуулан Дархан, Сэлэнгийн бүс нутгийн ургацын тээврийг төмөр замаар хийнэ. Учир нь одоо байгаа түр замаар ургацыг тээвэрлэх бололцоо хомс байгаа юм.
Харин ургацын замын засварын ажлыг ирэх сарын 15 гэхэд дуусгах зорилттой ажиллаж байна. Тус ажилд 2.7 тэрбум төгрөг хэрэгтэй гэж урьдчилсан байдлаар тооцоолсон.
Есдүгээр сарын 1-нээс автозамын хөдөлгөөн идэвхждэг учраас шахмал түлшний үйлдвэрийн бүтээгдэхүүнийг хот дотор тээвэрлэх асуудлыг УБТЗ хариуцна.
Өөрөөр хэлбэл, Толгойтоос Амгалан хүртэл нүүрс борлуулах цэгүүдэд шахмал түлшийг төмөр замаар түгээнэ.
Мөн Засгийн газраас УБТЗ-ын хэрэгцээнд 10 тонн орчим түүхий нүүрс оруулах зөвшөөрөл хүсэж байна. Учир нь зогсолттой үед хөлдөөхгүйн тулд өвөл галлах шаардлагатай байдаг. Харин шахмал түлшийг үүнд хэрэглэхэд бодит хүндрэлүүд байна” гэлээ.