Төрийн ордонд болж байгаа Улсын онцгой комиссын өргөтгөсөн хурал дээр ХААХҮ-ийн сайд Ч.Улаан мэдээлэл өглөө.
2019 онд Улсын хэмжээнд 502 мянган га-д үр тариалалт хийжээ. Энэ оны зургаадугаар сар нийт нутгаар халуун хуурай байсан бол зургаадугаар сарын 25-наас зарим нутгаар долоодугаар сарын 4-нөөс бороо орж эхэлсэн нь буудайн өсөлт, хөгжилд нөлөөлж, бутлалт буурах, товчин түрүү үүсэх хүчин зүйлийг нөхцөлдүүлсэн гэнэ.
Мөн энэ зун үе үе хүчтэй орсон мөндрийн уршгаар Хөвсгөл, Хэнтий, Сүхбаатар аймгийн 2500 гаруй га талбайгаас ургац хураах боломжгүй болсон байна. Долоодугаар сарын 20-ноос эхлэн үргэлжлэн орж буй борооны улмаас тариалангийн талбайн хог ургамал нэмэгдэж, ургац хураалтад хүндрэл учруулж болзошгүй нөхцөлийг бүрдүүлжээ.
Одоогийн төлөв байдлаас урьдчилан харахад Хөвсгөл, Булган, Орхон, Архангай, Сэлэнгэ аймгийн зарим бүс нутгаар ургац хураалт олон жилийн дундаж буюу хэвийн байх боломжтой харагдаж байна. Харин Төв, Хэнтий, Дархан-Уул, Өвөрхангай, Увс, Сэлэнгэ аймгийн зарим сумдад ургац бага байх төлөв ажиглагдаж байна гэж ХААХҮ-ийн сайд хэлсэн байна. .