Афганистаны нийслэл Кабул хотын хуримын ордонд тэсрэх бөмбөг дэлбэлсний улмаас 63 хүн амиа алдаж, 180 гаруй хүн шархадсан байна.
Дэлбэрэлт болсон газарт байсан хүмүүсийн мэдээлснээр, хуримын ёслолын үеэр амиа золиослогч этгээд халдлага үйлджээ. Лалын шашны Шиа урсгалыг шүтдэг хүмүүсийн амьдардаг хэсэгт орон нутгийн цагаар бямба гарагийн оройны 22:40 цагийн үед халдлага болжээ.
Уг халдлагатай холбоогүй гэдгээ “Талибан” бүлэглэл мэдэгдсэн бөгөөд одоогийн байдлаар халдлагын хариуцлагыг аль нэг бүлэг хүлээгээгүй байна. Лалын шашны Сунни урсгалыг шүтдэг “Талибан”, “Лалын улс” зэрэг бүлэглэл Афганистан, Пакистан дахь Шиа урсгалынхныг онилон удаа дараа халдлага үйлддэг юм.
Хамгийн сүүлд буюу 10 хоногийн өмнө Кабул хотын цагдаагийн газрын гадна үйлдсэн халдлагын улмаас наад зах нь 14 хүн амиа алдаж, 150 орчим хүн шархадсан билээ.
Эх сурвалж: New York Times