Монгол Улсын аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 1.2 их наяд төгрөгөөр өссөн байна. Тодруулбал, энэ оны эхний долоон сарын урьдчилсан гүйцэтгэлээр тус салбарын үйлдвэрлэл 9.8 их наяд төгрөгт хүрчээ. Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл 881.7 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь энэхүү өсөлтөд нөлөөлжээ. Үүнээс нүүрсний олборлолт 876.4 тэрбум төгрөг буюу 40.7 хувиар нэмэгдсэн байна. Мөн металлын хүдэр олборлолт 30.9 тэрбум төгрөгөөр өсжээ. Эдгээр бүтээгдэхүүний үйлдвэрлэл салбарын өсөлтөд хамгийн их жин дарсан юм.
Бусад бүтээгдэхүүний тухайд газрын тос, буталмал чулуу, зэсийн баяжмал, хайлуур жонш, цайрын баяжмал, нүүрс, төмрийн хүдэр зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний олборлолт 0.6-38.9 хувь, боловсруулах аж үйлдвэрийн салбарт адууны мах, зүсмэл материал, вакуум цонх, хаалга, ноолууран сүлжмэл эдлэл, банш, бууз, барилгын модон хаалга, цонх зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 11.5 хувиас 2.9 дахин өссөн байна.
Харин уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт молибдений баяжмал, алт зэрэг бүтээгдэхүүний олборлолт 4.1-17.4 хувь, боловсруулах аж үйлдвэрийн салбарт шар айраг, архи, хиаман төрлийн бүтээгдэхүүн, катодын зэс, самнасан ноолуур, малын тэжээл зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 3.9-36.6 хувиар буурсан байна.
Тэгвэл аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүний тухайд сонирхуулъя. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр урьдчилсан гүйцэтгэлээр аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 11.7 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 1.7 их наяд төгрөгөөр өссөн тоо юм. Нийт борлуулсан бүтээгдэхүүний 8.3 их наяд төгрөг буюу 71.1 хувийг гадаад зах зээл эзэлж байна.
Нүүрсний гадаад худалдаа гэхэд энэ хугацаанд 20.8 сая тоннд хүрчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 10.0 мян.тн-оор бага байгаа юм. Тэгвэл зэсийн баяжмалын гадаад борлуулалт 867.7 мян.тн-д хүрч өнгөрсөн оны мөн үеэс 19.0 мянган тонноор нэмэгджээ.