Соёлын биет болон биет бус өв, язгуур урлаг, цайны соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн үлдээх, сурталчлах, орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтын хүрээнд “Цайны зам” өв соёлын II наадам Ховд хотод энэ сарын 13-16-ны өдрүүдэд болж байгаа билээ.
Наадмын хүрээнд угсаатны цай чанах уламжлалт аргыг сурталчлах “Цай чанах” ёслолыг зохион байгуулжээ. Тус аймгийн 17 суманд алтайн урианхай, дөрвөд, захчин, мянгад, өөлд, торгууд, халх, хошууд, казах, тува зэрэг 10 гаруй угсаатан аж төрж байна. Эдгээр угсаатны цай, цайны соёл нь давтагдашгүй онцлогтой.
Угсаатнууд хирэм болон борцтой, хийцтэй, будаатай, шийртэй, ястай цай зэрэг 10 гаруй төрлийн цай чанаж хэрэглэдэг байна.
Торгуудууд эмийн чанартай, ядаргаа тайлах цай чанадаг
Ховд аймгийн Булган сумын нийт хүн амын 75 хувийг торгууд угсаатан эзэлдэг.Торгууд угсаатны цайны онцлог нь идээгээ хийхдээ чацарганы үр, жалбас гэх навч, арвайн гурил, айргийн тос зэргээр хийцэлж, удаан буцалгадаг. Ингэснээр эдгээр байгалийн жимс, ургамал, малын гаралтай идээний шим нь цайнд бүрэн сүлэгдэн уусаж эмийн чанартай, ядаргаа тайлах үйлчилгээтэй болдог аж.
Ингэж чанасан цай нь ууц нурууны бэртэнгийг хөөх, хүний ясыг хөлөргөн, дэвтээж, биеийг засаж, илааршуулах, ядарч сульдсан хүний биеийн чадал хүчийг сэлбэх, шимт тэжээл, амин дэм болох чухал үйлчилгээтэй гэнэ.
Захчин угсаатан цай чанахдаа байгалийн давс ашиглав
Ховд аймгийн Үенч, Алтай, Манхан, Мөст, Зэрэг суманд “Захчин” угсаатан бий. Тэд энэ удаа хийцтэй буюу хариулсан цай чанав.
Хийцтэй цай чанахдаа, тогоонд сүүлний өөх, шар тос хийж хайлуулаад гурил цацаж тасралтгүй хутган шаргалттал нь хуурна. Гурилаа бөөгнөрүүлэхгүйгээр жигд сайн хуурах нь хийцэлсэн цайны гол анхаарах зүйл.
Хуурсан гурил дээр идээшүүлж тунгаасан хар цайгаа хийж сүлээд, сайтар самарч буцалгаснаар амттай сайхан цай бэлэн болдог аж. Захчин иргэд байгалийн гаралтай эко бүтээгдэхүүн хэрэглэж байна.
Алтай сумын “Ёлхон” гэх газар ургадаг морол, жамц, цагаан, бор давс болон ургамлын үр жимс, нохойн хошуу, хөх тарианы гурил гэх мэтээр цайгаа хийцэлж амт оруулдаг бөгөөд энэ удаа цай чанахдаа байгалийн цагаан давс ашигласан аж. Мөн онцлох зүйл нь тогоогоо угаахдаа “дэрс”-ээр хийсэн угаалтуур ашиглаж байлаа.
Урианхайчууд тавласан цай чаналаа
Урианхай түмэн тавалсан болон хариулсан цай чанах агаад хариулсан цайг хоолны ороор хэрэглэх, хээр гадаа удаан хугацаагаар явж байгаа, мал хариулахаар явах гэж байгаа хүнийг цайлдаг ажээ.
Тавласан цай гэдэг нь сүүгээ хийлгүйгээр цайгаа идээшүүлж, буцааж юүлээд, сүүгээ тусад нь буцалгаж, улмаар нийлүүлсний дараа тос орхиж, 21 удаа самарч болгоод, галын бурхан, байгаль дэлхий, тэнгэр хангайдаа өргөсний дараа гэрийн эзэд хийгээд зочдод аягалан барьдаг.
Цэцэг, Чандмань сумын иргэд “Халх” угсаатны цай чанаж, зочидоо дайлав
Халх угсаатан нь зон зутантай цай, хийцтэй цай, бантантай цай, гурилтай цай, толгойтой цай зэрэг олон төрлийн цай чанадаг аж.
Тэд хийцэлж тавалсан цай чанасан байв. Энэ цай нь эмчилгээний шинж чанартай, хий хуй дардаг, ядаргаа тайлдаг ид шидтэй гэнэ. Учир нь сүүлний өөх, гурил, борц, шар будаа зэрэг шим тэжээлт зүйлээр хийцэлжээ.
Дашрамд сонирхуулахад, хонины толгойтой цай хийхийн тулд толгойг хуйхалж тусад нь хоёр цаг битүү чанаж болгоод, дараа нь цайндаа хийж, мөн идээ, давс, айргийн шар тос, хонины сүүл зэргээр хийцлэн, 108 удаа самарч болгодог аж.
Дөрвөдүүд хонины шийртэй хийцэлсэн цай чанажээ
Дөргөн сумын дөрвөд угсаатны хувьд хонины шийртэй хийцэлсэн цай чанасан байна. Хонины шийрийг тусад нь битүү чанаж болгоод, идээшүүлсэн цайндаа хонины сүүл, шар тос, арвайн гурил орхиж буцалган, ядаргаа тайлах эмчилгээний чанартай аагтай цай болгодог уламжлалтай гэнэ. Мөн хийцтэй, зутантай, будаатай гэх мэт бусад төрлийн цайг ч бас чанадаг аж.
Мянгадууд ааг амтаар бялхсан олон янзын цай чанадаг
Мянгад сумын мянгад зон олон баруун Монголын бусад угсаатны адил идээшүүлсэн аагтай цай, тавалсан цай, хийцтэй цай, зутантай цай, борцтой цай зэрэг ааг амтаар бялхсан олон янзын цай чанадаг.
Мөн халгайтай цай чанахдаа, хавар, зуны улиралд таваас зургаан салаатай нялх халгай өвс түүж хатаадаг. Хатаасан халгайг нүдэж нунтаглаад тосонд хуурч сүүтэй цайндаа хийгээд самарч буцалгадаг. Гурван литр цайнд гурван халбага халгай хийнэ. Энэ цай даралт ихтэй хүний биед нэн сайн гэнэ.
Түүнчлэн ястай цай чанадаг. Цай сүлэхийн өмнө чөмөгний яс, эсвэл бага зэрэг мах үйж нэг цаг орчим буцалгаж чанана. Ингэж буцалгасан цайны амт чанар сайн агаад маш тэжээллэг болно.
Энэ цай хүйтэн хөлсийг гадагшлуулдаг тул уусны дараа салхи авч даарч болдоггүй гэнэ. Мөн хонины толгойн гавлын ясыг хагалж бэлэн болсон сүүтэй цайнд хийгээд чанадаг. Ийм цайг ядаргаанд орсон, цус багатай, тархи толгой өвддөг хүн уувал сайн байдаг ажээ.
Б.Энхмаа