АНУ-ын Пенсильвани муж улсын Филадельфи хотын хойд хэсэгт Лхагва гарагт үл таних этгээд цагдаа нар руу гал нээжээ. Цагдаа нар уг этгээдтэй хэлэлцээ хийхийг оролдож байгаа боловч амжилт олоогүй байна гэж хотын цагдаагийн дарга Ричард Росс хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлснийг Америкийн телевизийн сувгууд шууд дамжуулав.
“Бид энэ эрэгтэйтэй хэлэлцээ хийхийг оролдож байна, нөхцөл байдлыг тайван замаар шийдэж чадна гэж түүнд тайлбарлахыг хичээж байна. Бид түүн рүү олон удаа залгасан боловч тэр хариулаагүй” гэж тэрбээр мэдээлжээ.
Цагдаагийн даргын хэлснээр, сэжигтэнд хамаатан садангаар нь дамжуулан нөлөөлөхийг оролдсон боловч амжилтгүй болсон байна. Цагдаа нар гал нээсэн этгээдтэй утсаар, чанга яригчаар, болон бусад аргаар холбогдохыг оролдсон аж.
Уг этгээд хүмүүсийг барьцаалсан байж магадгүйг тухайн үед цагдаагийн дарга үгүйсгээгүй юм. Гэхдээ тэрбээр энгийн иргэдийг эсвэл гал нээсэн этгээдийн нуугдаж буй байшингаас гарч чадахгүй байгаа цагдаагийн хоёр ажилтныг барьцаалсан эсэх талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байсан юм.
Гал нээсэн этгээдийн байгаа байшинд хоёр цагдаа орсон боловч гарч чадахгүй байна гэж Росс урьд нь мэдээлжээ. Үл таних этгээдийг гал нээх үеэр цагдаагийн долоон ажилтан шархадсан бөгөөд хэд хэдэн ажилтан гэмтжээ. Шархдаж, гэмтсэн хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлж байгаа аж.
Филадельфийн цагдаа нар барьцаалагдсан хүмүүсийг суллаж чаджээ
Филадельфи хотын цагдаа нар хууль сахиулах байгууллагын ажилтнууд руу гал нээсэн этгээдийн нуугдаж буй байшингаас барьцааны хүмүүсийг бүгдийг нь гаргаж чадсанаас гадна уг этгээдтэй холбоо тогтоож чадсан гэж хотын цагдаагийн дарга дахин мэдээлэл өгчээ.
Россын хэлснээр, цагдаагийн тусгай албаныхан “байшингийн дээд давхарт занганд орсон байсан хоёр цагдааг болон гурван хүнийг аюулгүй гаргаж чадсан байна”. Цагдаа нар удаан оролдсоны эцэст гал нээсэн этгээдтэй хэлэлцэж чаджээ. “Тэр амьд байгаа гэдгийг бид мэдэж байгаа” гэж цагдаагийн дарга хэлсэн байна.
АНУ-ын Зүүн эргийн цагаар 16 цаг 30 минут орчимд анхны буун дуу гарсан байна. Тухайн үед цагдаа нар мансууруулах бодис хадгалсан хэргийг мөрдөх шалгах ажлын хүрээнд гал нээсэн этгээдийн байгаа байшинд нэгжлэг хийхээр ирсэн байжээ. Эмх журам сахиулагчид уг этгээдийг бууж өгөхийг шаардан хэлэлцээ хийхийг оролдож байв.
Улмаар тухайн этгээдийг баривчилсан тухай хотын цагдаагийн дарга твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. Гал нээсэн этгээд цагдаа нарт бууж өгсөн гэж телевизийн “Fox News” суваг мэдээлжээ. Тус сувгаар мэдээлснээр, 36 настай Морисс Хилл гэгч этгээд хэдэн цагийн турш нуугдаж байсан байшингаасаа гараа өргөн гарч ирсэн байна. Үүнээс өмнө цагдаа нар нулимс асгаруулагч хий ашигласан аж.
“Fox News” сувгийн эх сурвалжийн хэлснээр, Хилл нь Филадельфи хотын оршин суугч бөгөөд урьд нь хэд хэдэн гэмт хэрэгт холбогдож байжээ. Уг этгээд мөн эрх баригчдаас нуугдахыг оролдож байсан гэнэ.
Сэжигтэн этгээдтэй буудалцах үеэр шархадсан цагдаа нар бүгд эмнэлгээс гарчээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ