Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулахын тулд A, B, C бүсчлэлд хуваах шийдвэрийг түр хойшлуулсан талаар өчигдөр бид мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр (2019.08.15) энэ талаар Нийслэлийн Замын хөдөлгөөн, төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээлэл хийлээ.
Хотын захиргаанаас 2019 оныг иргэдээ сонсох жил болгон зарласантай холбогдуулан бодлогын хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг хамгийн түрүүнд иргэдээс сошиалаар санал авч байхаар болсон. Тиймээс бүсчлэлийн асуудлаар иргэдийн дунд хоёр удаа санал асуулга явуулжээ.
Улаанбаатар хотын замын ачааллыг бууруулахын тулд A, B, C гурван бүсчлэлд хуваах зохицуулалтыг дэмжих эсэх тухай эхний санал асуулгыг 25 цахим хуудсаар дамжуулан зургадугаар сарын 21-нээс эхлэн явуулжээ. Өчигдрийн байдлаар нийт 3827 хүн асуулгад оролцсоноос 2226 хүн буюу 58.2 хувь нь дэмжиж, 1522 хүн буюу 39.8 хувь нь дэмжихгүй, 79 хүн буюу 2.1 хувь нь мэдэхгүй гэж хариулсан аж.
Мөн Хотын захирагчийн энэ сарын 2-нд өгсөн үүрэг чиглэлийн дагуу хэд хэдэн хувилбараар “Нийслэлийн мэдээ” хуудас, фэйсбүүк, твиттер сүлжээн дэх Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын хуудсаар дамжуулан бүсчлэлийн талаар дахин санал асуулга явуулсан байна. Санал асуулгад оролцсон иргэдийн дийлэнх нь бүсчлэлийн асуудлыг дэмжээгүй байна.
Тухайлбал фэйсбүүкээр явуулсан санал асуулгад:
1/ “Замын хөдөлгөөний хэт ачааллын үед буюу өглөө 07:00-10:00, орой 17:00-20:00 цагийн хооронд “орон нутгийн дугаартай” тээврийн хэрэгслийг хотын А, В бүс дэх авто замын хөдөлгөөнд оролцуулахгүй түр хязгаарлахыг дэмжих үү” гэсэн асуултад 5300 хүн хариулснаас 40 хувь нь дэмжинэ, 60 хувь нь дэмжихгүй гэж,
2/ “A, B, C бүсчлэл тогтоож, А, B бүсэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлчийн оронгийн тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцохыг дэмжих үү” гэсэн асуултад 215 хүн хариулснаас 34 хувь нь дэмжинэ, 66 хувь нь дэмжихгүй гэж,
3/ “Улаанбаатар хотын замын ачааллыг бууруулахын тулд A, B, C гурван бүсчлэл тогтоож, автомашины хөдөлгөөнд зохицуулалт хийх нь зөв үү” гэсэн асуултад 2800 хүн хариулснаас 35 хувь нь зөв, 66 хувь нь буруу гэж тус тус санал өгчээ.
Тиймээс олон нийтийн санал асуулгыг харгалзан үзэж А, В, С бүсчлэлийн зохицуулалтыг түр хугацаагаар хойшлуулахаар болсон байна. Гэхдээ тодорхой хугацаа заагаагүй бөгөөд нийтийн тээвэрт парк шинэчлэлт хийн, нийтийн тээврээр зорчих иргэдийн тоог нэмэгдүүлэх зэрэг тодорхой арга хэмжээ авч, зарим асуудлыг цэгцэлсний дараа бүсчлэлийн асуудлыг дахин ярих гэнэ. Жишээ нь, өнөөдөр үйлчилгээнд явж байгаа 1200 автобус 2020 он гэхэд 80-90 хувь нь стандартын бус болж, жагсаалтаас гарч байгаа аж. Тиймээс нийтийн тээврийн шинэчлэлийг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Мөн нийтийн тээврийг олон хувилбартай болгохын тулд “Cable car” буюу агаарын дүүжин замын тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх гэнэ. “Cable car”-ын ТЭЗҮ нь бүрэн боловсруулагдаж дууссан байна.
Түүнчлэн хөдөлгөөнд оролцож буй нийт жолоочийн 25 хувь нь сул зогсоол хайж 15-20 минутын турш 15 километрийн хурдтайгаар замаар зорчиж, зохиомол түгжрэл үүсгэдэг гэх судалгаа байна. Уг асуудлыг цэгцлэхийн тулд авто зогсоолын тоо, хүртээмжийг нэмэгдүүлж, менежментийг сайжруулах ажлуудыг ч үргэлжлүүлэн хийж гүйцэтгэх юм байна.