Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын түрүү бөх Улсын аварга Э.Оюунболдод хүндэтгэл үзүүлэх, цолны мялаалга наадмыг энэ сарын 18-ны өдөр Хэнтийн аймагт зохион байгуулах аар товлосон байв.
Тэгвэл Баяр наадмын зохион байгуулах хорооны Бөхийн салбар хорооны хурлаар түрүү бөхөд хүндэтгэл үзүүлэх, цолны мялаалга наадмыг хойшлуулахаар болжээ.
Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооны Үндэсний бөхийн салбар хорооноос хоёр бөхөөс сэргээш илэрсэн гэх мэдээллийг хийснээс хойш асуудал даамжирч, нотолгоогүй элдэв хардлагууд гарах болсон. Тиймээс албаны мэдэгдэл гарч, ард түмний эргэлзээ арилсны дараа баяр наадмыг зохион байгуулах хэрэгтэй гэж үзсэн байна.
Сэргээш илэрсэн гэх хоёр бөх хэрэв В сорьцын шинжилгээ өгвөл хариу нь гартал 10 гаруй хонох аж. Харин татгалзсан тохиолдолд энэ сарын 19-нд энэ асуудлаар олон нийтэд албан ёсны мэдээлэл өгөх бололтой.
Ямартай ч “Аварга” цолны мялаалга наадмын хугацаа нэр нь зарлагдаагүй хоёр бөхийн асуудал тодорхой болтол хойшлогдохоор боллоо.