Урлаг, Спорт

Mонголын киночид Швейцарын Локарно ОУ-ын кино наадамд таван киногоор оролцож байна

Швейцарын Холбооны Улсын Локарно хотноо энэ сарын 7-17-нд зохион байгуулагдаж буй 72 дахь удаагийн Локарно олон улсын кино наадамд Монголын кино уран бүтээлчид оролцож байна.

Локарно кино наадмын “Нээлттэй хаалга” хөтөлбөрийн захирал хатагтай Софи Бурдон нь 2018 оны аравдугаар сард болсон “Улаанбаатар” олон улсын кино наадамд оролцож, манай кино уран бүтээлчдэд зориулсан сургалтыг удирдан явуулах үеэрээ 2019-2021 онд тус хөтөлбөр нь Зүүн Өмнөд Ази болон Монгол Улсыг онцлон дэмжих болсноо зарласан юм.

Өнгөрсөн онд Швейцар Улсын Фрибург хотноо Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр зохион байгуулагдсан 32 дахь удаагийн Фрибургийн олон улсын кино наадмын “Шинэ газар нутаг” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс мөн онцлох улсаар сонгогдож байсан билээ.

Энэ удаагийн Локарно кино наадмаар “Нээлттэй хаалга” хөтөлбөр нь “Open doors hub”, “Open doors lab” болон “Open doors screening” гэсэн гурван хэсгээс бүрдсэн бөгөөд манай кино уран бүтээлчид С.Бямбын “Алсын удирдлага” (2013), У.Зулаагийн “Захиа” (2019), “Улаанбаатаржилт” (2017), П.Золжаргалын “Үл заяагдагсад” (2017) болон Л.Бат-Амгалангийн “Гайхамшигт нислэг” (2016) киногоор оролцож байна.

385-1024x768 Mонголын киночид Швейцарын Локарно ОУ-ын кино наадамд таван киногоор оролцож байна

Локарно кино наадмын хүрээнд Монголын кино уран бүтээлчид тус наадмын Ерөнхийлөгч Марко Соларитай уулзаж, “Нээлттэй хаалга” хөтөлбөрийн дугуй ширээний ярилцлагад Монголын урлагийн зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүн, продюсер Ц.Ариунаа оролцов.

Манай кино уран бүтээлчдийг Локарно кино наадамд оролцохыг Швейцарын хөгжлийн агентлагаас дэмжсэн бөгөөд энэ оны аравдугаар сард болох “Улаанбаатар” олон улсын кино наадмыг Швейцарын талаас мөн дэмжин оролцохоо мэдэгдээд байна. Локарно олон улсын кино наадмын үйл ажиллагаа энэ сарын 17-ныг хүртэл үргэлжилнэ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close