МАН-ын бүлэг өчигдөр гурав дахь өдрөө 40 орчим гишүүний ирцтэйгээр хуралдсан байна. Өчигдрийн хуралдаанд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцжээ. Гэвч Үндсэн хуулийн өөрчлөлт, зарим саналууд дээр Ерөнхийлөгч, МАН тохиролцоонд хүрч чадаагүй байна. Тухайлбал, гишүүдийн тоог 108 болгох, сонгуулийн тогтолцоог намын жагсаалт, тойрог гэсэн холимог системтэй болгох зэрэг Ерөнхийлөгчийн саналыг МАН-ын олонх нь дэмжихгүй байгаа аж. Гэхдээ гишүүдийн тоог нэмэх тухайд, МАН-ын бүлгийн гишүүд хуваагдмал байр суурьтай байгаа учраас дундын хувилбар болгож 99 гишүүн гэдэг нь байж болох хувилбар гэж үзжээ. Ингээд ажлын хэсгийн зүгээс дундын хувилбарын талаар ярилцахаар болсон байна.
Ерөнхийлөгч УИХ-ын сонгуулийг мажоритар болон пропорциональ тогтолцоогоор явуулна гэсэн саналыг оруулж ирсэн. Тэгвэл энэ саналаар санал хураалт явуулахад бүлгийн хуралд оролцсон гишүүдийн 16 нь дэмжиж, 18 нь дэмжээгүй бол бусад нь саналаа өгөөгүй аж.
Харин УИХ-ын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ,чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, таван жилийн хугацаатай сонгоно. УИХ-ын дарга, дэд даргын бүрэн эрхийн хугацаа таван жил байх бөгөөд хуульд заасан үндэслэлээр хугацаанаас нь өмнө чөлөөлж, огцруулж болно гэж Ерөнхийлөгчөөс оруулж ирсэн санал МАН-ын бүлгийн гишүүдээс дэмжлэг авч чадсан байна.
Өнөөдөр МАН-ын бүлэг үргэлжлүүлэн дөрөв дэх өдрөө хуралдахаар товложээ.