Тулгар төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн үндэсний их баяр наадамд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат улсын арслан Э.Оюунболд ес даван түрүүлж, “Улсын аварга” цолонд хүрч наадамчин түмэн, нутгийн зон олноо баясгасан билээ.
Тиймээс Хэнтий аймгийн Засаг даргын А412 дугаар захирамжаар улсын аварга Э.Оюунболдод хүндэтгэл үзүүлэх, “Аварга” цолны мялаалга наадмыг энэ наймдугаар сарын 18-ны өдөр Чингис хотод зохион байгуулахаар болсон. Тус наадмыг Хэнтий аймгийн ЗДТГ-ын дарга Ж.Ганбаатараар ахлуулсан баяр наадмын комисс 9 салбар хороотойгоор наймдугаар сарын хоёронд зохион байгуулагдаж, энэ сарын 17-ны өдөр наадмыг угтаж 300 хүүхдийн үндэсний бөхийн барилдаан, 18-ны өдрөө хүчит 64 бөхийн барилдаан, Халх сурын харвааг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
Харин Баяр наадмын хурдан морины салбар хорооноос МУ-ын Засгийн газрын тогтоол, Хэнтий аймгийн Засаг даргын захирамжийн дагуу аваргын наадамд эрлийз адууг уралдуулахгүй шийдвэр гаргасан бөгөөд хурдан соёолон, даага уралдуулахаар болжээ. Баяр наадмын нээлт энэ сарын 18-ны өдрийн 10 цагт эхлэх бөгөөд тухайн үеэр үндэсний бөхөөр хичээллэдэг 300 хүүхдийн жагсаал болох аж.
Эх сурвалж: Хэнтий аймгийн ЗДТГ
1 comment
Шинэ аварга даа баяр хүргэж амжилт хүсъе. Энэ допингын асуудал шийдэгдэж хэнээс нь ч битгий гараасай. Монгол бөхийн дэвжээ минь ариун байж бөхчүүд маань шударгаар өрсөлдөөсэй.