Засгийн газрын тогтоолоор Халхын голын 1939 оны байлдааны ялалтын 80 жилийн ойг энэ онд тэмдэглэн өнгөрүүлж байна. Уг түүхт ойд зориулан Монголын Үндэсний музей, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсын Үндэсний музейтэй хамтран “Халхын гол, Ялалтын 80 жил” тусгай үзэсгэлэнг өнөөдөр (2019.08.12) нээлээ.
Үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд Соёл урлагын газрын дарга, МУГЖ Г.Эрдэнэбат, Монголын Үндэсний музейн захирал, доктор Д.Сүхбаатар, Буриад улсын үндэсний музейн захирал Т.А.Бороноева, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх Р.Р.Ракшаевич нар оролцлоо. Нээлтийн үеэр доктор Д.Сүхбаатар хэлсэн үгэндээ ОХУ-тай тогтоосон найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, хоёр орны ард түмний харилцан ойлголцлыг бэхжүүлэх зорилготой, түүхт ойг орон өргөн тэмдэглэж байгаагийн нэг гол үйл ажиллагаа нь энэхүү хамтарсан үзэсгэлэн хэмээн онцолж байсан бол, Т.А.Бороноева Халхын голын дайнд оролцож байсан буриад цэрэг дайчдын баримт, түүхийн ховор үзмэрийг дэлгэж байна гээд, энэ дайныг буриад түмэн хэзээ ч мартдаггүй гэдгийг дурдаж байсан юм.
Тус үзэсгэлэнд Монголын Үндэсний музейн сан хөмрөгөөс 80 биет үзмэрүүдийг дэлгэжээ. Тухайлбал, Маршал Х.Чойбалсангийн цэргийн дүрэмт хувцас, буу, БНМАУ-ын баатар Л.Дандарын сэлэм, БНМАУ-ын баатар Д. Нянтайсүрэнгийн буу, Ч. Дугаржавын хэрэглэж байсан богц, Халх голын байлдааны хуягт бригадын комиссаар Г.Лувсангийн одон медаль, Халх голын байлдаанд оролцсон ахмад дайчдын байлдаанд хэрэглэж явсан зарим эд өлөг, буу зэвсгийн зүйл, түүхэн гэрэл зургийг үзэсгэлэнд байрлуулсан байв.
Мөн Буриадын Үндэсний музейгээс Халх голын ялалтын үеэр дайчдад гардуулсан баярын бичиг, гэрэл зураг, диплом, дурсгалын медиалууд, баримт бичгүүд байхаас гадна Буриадын Бүгд Найрамдах улсын, Улсын архивын баримт бичгүүд, Халх гол орчимд Японы цэргүүдийг бүрмөсөн устгах зорилгоор анги нэгтгэлүүдийг шийдвэрлэх довтолгоонд шилжүүлэх тухай Армийн 1-р бүлгийн командлагч Г.К.Жуковын 1939 оны 8-р сарын 17-ны 0068 дайны тушаал, сонины хайчилбар, байлдагчдын дурсамж гэх мэт зүйлсийг олон нийтийн хүртээл болгохоор авчирчээ.
Үзэсгэлэнг сонирхохоор гадна дотны жуулчид, цэрэг армийн ахмадууд, энгийн иргэд, хүүхэд залуус гээд олон хүн цугласан байлаа.
Түүхэн сурвалжаас сонирхуулахад “Халхын голын дайны явцад байлдааны бүх төрлийг хамарсан нийт 101 томоохон тулаан болж, нийтдээ 74522 хүний хохирол учирсанаас 28246 нь амь үрэгдсэн тооцоо бий. Халхын голын дайн нь харьцангуй бага нутаг дэвсгэрт болсон хэдий ч оролцсон хүн хүч, зэвсэг техникийн хэмжээ, орчин үеийн цэрэг техникийн бүх ололтыг ашигласнаараа онцлог бөгөөд дэлхийн Хоёрдугаар дайны өмнөх томоохон байлдаан, түүний эхлэл болсон түүхтэй.
Сурвалжилсан: Б.Энхмаа