Элэгний хатуурал гэсэн оноштой БНСУ-ын Сөүл хотноо Б.Амингэрэл охин элэг шилжүүлэн суулгах хагалгаанд өнгөрсөн сард орсон.
Охиныг хагалгаанд ороход олон хүн сэтгэлийн шаналалтай байсан ч охин нэг сарын хугацаанд эмнэлэгтээ хэвтэн эмчлүүлээд эмнэлгээсээ гарсан тухай мэдээг түүний аав цахим хуудаснаа нийтэлжээ.
Тэрбээр: “Уучлаарай хэнд ч мэдээлэл өгөхгүй, ямар ч мэдээлэл тавиагүйд үнэхээр их уучлаарай. Миний монголын сайхан сэтгэлт ард түмэн минь миний охин хагалгааны дараа маш олон хүнд үеүдийг давж маш их бид хоёрыг сандаргалаа. Ийм учраас бид мэдээлэл хэнд ч өгөөгүй ээ. Яг үнэнийг хэлэхэд байн байн хүүхэд муудаж дахин дахин хагалгааны өрөө рүү гүйх тэр сэтгэл зовнисон тэр хүнд өдрүүдийг зүгээр л чимээгүй залбиран өнгөрүүлэхийг хүссэн юм.
Одоо л охин минь амсхийх тэнхээтэй болж эмнэлгээсээ гарлаа. Үнэхээр баяртай байна.Одоо охин минь хоёр хоногт нэг удаа шинжилгээ хийлгэж эмчдээ үзүүлж байгаа. Ямар ч байсан айх аюулаа давсан ч цаашид гарч болзошгүй эрсдэлүүд дуусаагүй ээ. Миний амь амьдрал минь болсон бяцхан охиныг минь аварсан та бүхэндээ маш их баярлалаа” хэмээн бичжээ.
Сануулахад, охины донороор түүний аав А.Батмөнх орсон бөгөөд хагалгааны зардал болох 440 сая төгрөгийг сайхан сэтгэлт Монголын ард түмэн сэтгэлийн хандиваа өргөн бүрдүүлсэн билээ.