Тост, Тосон бумбын нурууны тусгай хамгаалалттай газар нутагт хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа “Сауд гоби коэл транс” ХХК-ийн Баянтэсийн уурхайтай холбоотой асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр холбогдох албан тушаалтнуудад чиглэл өглөө.
Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Сүүлийн үед уул уурхайн салбарт ажиллаж байгаа зарим нэг хүн, зарим нэг олигархууд Монгол төрийн хуулийг ихээхэн зөрчиж байна. Уул ус хилэгнүүлж байна, ард түмнийг уйлуулж байна. Та бүхэн бүгдээрээ радио, телевизээр харж байгаа. Гурван тэс сумын нутгийн иргэд газар нутгаа хамгаалаад уйлаад ярьж байгаа.
Тэд төрөөс ерөөсөө юм гуйгаагүй. Зөвхөн газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг хамгаалж үлдэх гэсэн, байгалийг онгон дагшин байдлаар авч үлдэх гэсэн арга. Ард түмэн газар нутгаа ухуулахгүй гээд байхад яагаад ухаад байгаа юм бэ. Энэ анхнаасаа хууль зөрчиж олгогдсон газар гэж би ойлгож байгаа. Би та нарт энэ талаар хоёр, гурван удаа чиглэл өгсөн.
Энэ асуудалд холбогдоод байгаа УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн гэдэг нөхөрт би хэд хэдэн удаа анхааруулж хэлсэн. Яасан цадаж хандаггүй шунал вэ, эх орны газар сэндийчээд, ард түмэн бухимдуулаад… Хувьдаа ашиг олно гэж УИХ-ын гишүүнээр сонгогддоггүй байх гэж би бодож байна. Албан тушаалтнуудыг авлигаддаг байсан бол одоо ард түмнийг авлигадах гэж оролдож байна. Энэ олигархууд… Цагдаагийн дарга аа, Тагнуулын дарга аа.
Та бүхэн саяны хэлэлцүүлэг дээрээс харсан байх. Гурван тэс сумын иргэн н.Нямдаваа энэ уул уурхайг зогсоохын төлөө хөөцөлдөхөд 3-5 сая төгрөгөөр амыг нь барих гэж оролдсон гэж. Иргэн хүн, улс орон даяараа авлигын асуудлыг ярьж байна.
Яагаад энэ хэргийг шалгахгүй байгаа юм бэ, Цагдаагийн дарга аа. Тост, Тосон бумбын хэлэлцүүлэгт оролцох гээд автобусаар ирсэн 40 орчим хүнийг авлигадах гэж оролдсон гээд хэлэлцүүлэгт оролцсон хүмүүс радио, телевизээр ил цагаан, үнэн байдлыг ярьж байна. Үүнийг яагаад та нар шалгахгүй байгаа юм бэ. Нүдэн дээр чинь авлигын хэрэг явж байна, нүдэн дээр чинь хууль зөрчөөд байхад тэр сумын удирдлагуудыг яагаад шалгахгүй байна вэ.
Саугоби коэл транст олгосон ашигт малтмалын лецинз чинь хуурамчаар үйлдэгдсэн байна. Багийн иргэдийн нийтийн хурал хуралдаж, тогтоол шийдвэрээ гаргах ёстой байтал тэр хурлыг хуралдуулахгүйгээр албан тоот бичээд Байгаль орчны яам руу явуулчихсан байна. Энэ ашигт малтмалын лецинз чинь хуурамчаар үйлдэгдсэн. Яагаад үүнийг олж харахгүй байна аа, Байгаль орчны сайд аа, Уул уурхайн сайд аа. Хэрэг үүсгэж шалга.
Тэр лицензүүдийг цуцлал Байгаль орчны сайд аа, аваачаад тавьсан техник хэрэгслийг журмал, ард түмэнд хахуул өгөх гээд байгаа хүмүүсийг шалга. Нөхөн сэргээлтийг нь хий хэмээн хэлсэн байна.
https://www.facebook.com/Yellow.Mn/videos/2400043153397349/