“Bloomberg” агентлаг дэлхийн хамгийн баян 25 гэр бүлийн хөрөнгө 24 хувиар нэмэгдэж, 1.4 их наяд ам.долларт дөхөж байгаа тухай мэдээлжээ.
Жагсаалтын нэгд “Walmart” сүлжээ дэлгүүрийн эзэн Уолтоны гэр бүл 191 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгээр бичигдсэн байна. Энэ гэр бүлийн хөрөнгө 2018 онд 39 тэрбум ам.доллароор нэмэгджээ. Тэдний дараа шоколад үйлдвэрлэгч “Mars” компанийн эзэн Марсын гэр бүлийнхэн 127 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөр багтжээ.
Гуравт 125 тэрбум ам.долларын хөрөнгөтэй газрын тос болон химийн үйлдвэрлэл эрхэлдэг “Koch Industries” компанийг удирддаг ах дүүс Дэвид, Чарльз Кохов нар багтсан бол дөрөвт Саудын Арабын хааны гэр бүл анх удаа орсон байна.
Тэдний араас 57.6 тэрбум ам.долларын хөрөнгөтэй “Chanel” компанийн гүйцэтгэх захирал Ален болон Жерар Вертеймер, 53.1 тэрбум ам.долларын хөрөнгөтэй “Hermes” компанийн эзэн Дюмагийн гэр бүл, 52,9 тэрбум ам.долларын хөрөнгөтэй “Anheuser-Busch INBEV” компанийг эзэмшдэг Ван Дамм, Спулберх, Де Мевиус нар жагссан байна.
Эх сурвалж: Bloomberg