2019-08-12 11:581min05

Ж.Батзандан С.Зоригийн хэргээр улс төр хийхээ боль гэсэн лоозон барин жагсчээ

tuv

Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2019.08.12/ Б.Хурц, Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох шүүх хурал эхэллээ. Тэднийг С.Зоригийн амийг бүрэлгэсэн хэргээр ял авсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх хэрэгт буруутгаж байгаа.

Шүүхийн гадна талд хэсэг иргэд лоозон барин жагссан байна. Энд цугларсан иргэд хэргийн үнэн мөнийг мэдэхийн төлөө ирсэн хэмээж байна.

Шүүгдэж байгаа есөн хүнд бусдыг эрүүдэн шүүсэн хэмээн буруутгаж байгаа. Харин Т.Чимгээ, Т.Содномдаржаа нарт шүүх С.Зориг агсныг хөнөөсөн гэдгээр шүүхээс ял оноосон юм. Гэвч энэ хэргийг улстөрчид нэлээн сонирхож, өөрсдийн рейтингийг өсгөх арга барилд ашиглаж байгааг хэвлэлүүд мэдээлж байна.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нар Т.Чимгээ, Т.Содномдаржаа нарыг шоронгоос суллах тухай асуудлыг үе үе хөндөж буй. Гэхдээ тэдний Т.Чимгээ, Т.Содномдаржааг суллах хүсэлт Прокурорын байгууллагад очоогүй байгааг эх сурвалжууд мэдээлж байсан юм. Гишүүд прокурорын байгууллагад хүсэлтээ хүргүүлээгүй хэрнээ янз бүрийн мэдэгдэл хийж байгаа нь тэднийг энэ хэргээр популизм хийж байна гэсэн ойлголтыг нийгэмд төрүүлж байна.

Өнөөдөр эхэлсэн шүүх хурлын гадна талд цугларсан иргэд ч үүнтэй ижил утгатай лоозон барин жагсчээ.