Бөхчүүдийн допингийн шинжилгээг Допингийн эсрэг үндэсний төв хариуцан авдаг бөгөөд тав давсан 16 бөх үүнд хамрагдсан. Бөхчүүдийн шинжилгээний хариу ирж Баяр наадмын зохион байгуулах хорооноос бөхчүүдэд наймдугаар сарын 9-ний өдөр мэдэгдсэн байна.
Харин шөвгөрсөн 16 бөхийн хоёр нь допингтой гарсан гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр тарж, бөхчүүд ч үүнийг эсэргүүцэж эхэлсэн. Хэрвээ хэн нэгэн бөхөөс хориотой бодис илэрсэн нь тогтоогдвол тухайн бөхөөс “В” сорьцыг шинжлүүлэх үү гэж асуух учиртай. Тиймээс допингийн хариу бүрэн гарах явц удааширдаг. Энэ байдлаас болж хариуг бүрэн мэдээллэх боломжгүй гэдгийг албаныхан хэлдэг.
Гэтэл бөхчүүд өөрийн цахим хуудсаараа өчигдөр мэдэгдэл хийж эхэлсэн. Одоогийн байдлаар 15 бөх ямар нэг байдлаар зохион байгуулах хорооноос утсаар ярьсан, шинжилгээгээр ямар нэг хориотой бодис илрээгүй хэмээн мэдэгдээд байна.
Ганцхан бөх ямар нэг байдлаар мэдээлэл өгөөгүй. Хэвлэл мэдээллийнхэн холбогдох гээд холбогдож чадаагүй байна. Мөн Авто тээврийн 90 жилийн ойд хоёр давсан ч өчигдөр үргэлжлүүлэн гурвын даваанаас барилдах байсан ч “ар гэрийн гачигдал” гэдэг шалтгаанаар барилдаагүй зэрэг нь бөх сонирхогчидын дунд хардлагыг гүнзгийрүүлчих шиг боллоо.
Үнэхээр хоёр бөхөөс допинг илэрсэн юм бол хоёр бөх эсвэл дор хаяж 1 бөх худал ярьсан болж таарах нь. Учир явдал цааш хэрхэн хөврөх нь тодорхойгүй л байна.
Хэрэв Э.Оюунболд бүдэрвэл Н.Мустафа Улсын Начин, Б.Цэдэнсодном Улсын Харцага, Д.Анар Улсын заан, Ц.Содномдорж үзүүрлэж, Н.Батсуурь даян аварга болох учиртай.
Хардах эрхийг бөх сонирхогчдод үлдээн Допингийн эсрэг үндэсний төв, Баяр наадмын зохион байгуулах хорооноос мэдээлэл хийхийг хүлээх л үлдлээ.
ШӨВГӨРСӨН 16 БӨХИЙН НЭРС
Улсын аварга Ч.Санжаадамба
Улсын аварга Н.Батсуурь
Улсын аварга С.Мөнхбат
Улсын аварга Э.Оюунболд
Улсын арслан П.Бүрэнтөгс
Улсын арслан Ц.Содномдорж
Улсын гарьд Б.Гончигдамба
Улсын харцага Б.Бат-Өлзий
Улсын өсөх идэр начин Э.Энхбат
Улсын начин Д.Анар /Улсын харцага цол хүртсэн/
Улсын начин Д.Цэрэнтогтох
Аймгийн хурц арслан Б.Орхонбаяр /Улсын начин цол хүртсэн/
Аймгийн арслан Н.Баярбаатар /Улсын начин цол хүртсэн/
Аймгийн арслан Ж.Ням-Эрдэнэ /Улсын начин цол хүртсэн/
Аймгийн арслан Б.Цэдэнсодном /Улсын начин цол хүртсэн/
Аймгийн арслан А.Давааням /Улсын начин цол хүртсэн/
1 comment
Наадмаа дахиад хийе ээ, явдаг жорлонгуудыг барилдахаас нь өмнө наад шинжилгээндээ оруулж бузар хэрэглээгүй бөхчүүдийг нь барилдуулж байж болохгүй юу. Цолны даваанд унасан бөхчүүд цол өгдөг юмаа гэхэд цолгүй даваанд сэргээш хэрэглэсэн бөхчүүдийн эрхийг яаж хамгаалах вэ